Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өчигдөр Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 203 дугаар тогтоолоор баталсан байдаг. Уг төлөвлөгөө нь 6 бодлого, 259 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 1,087 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувьтай /өссөн дүнгээр 19.5 хувь/ байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18.4-д:
“Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудит хийлгэхээр жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлж, гуравдугаар сарын 15-ны дотор УИХ-д өргөн мэдүүлж, Улсын Их Хурал дөрөвдүгээр сарын 1-ний дотор хянан хэлэлцэнэ” гэж заасан.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс