Хүн бүрийн дотор “би юунд жинхэнээсээ дуртай, юунд илүү сайн, ер нь юу хийж ямар замналаар замнавал хамгийн зөв вэ гэх асуулт үргэлж байдаг. Ялангуяа ажил мэргэжлийн тал дээр. Зориг Сангийн тэргүүн С.Оюуны хэлсэн үг миний санаанаас огт гардаггүй юм. “Хийж буй ажил чинь утга учиртай, та тухайн ажилдаа сайн, бас дуртай байх хэрэгтэй” гэж. Энэ бүхнийг бичсэний учир ярилцлагын гол дүр маань дээрх гурван төгс зохицлыг олж чадсан билээ. “Дрийм” сагсан бөмбөгийн академийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Ч.Ижилболд хүүхдүүдэд сагсан бөмбөгийг бага наснаас нь системтэй сургадаг. Түүнтэй уулзаж хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг, зааж сургадаг арга барилынх нь талаар болон “Дрийм” сагсан бөмбөгийн академийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.
-Таныг Германд дасгалжуулагч мэргэжлээр төгссөн, “Алдар Танан Гарьд” сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч гэдгээр нь хүмүүс мэддэг, танилцуулдаг. Та харин өөрийгөө юу гэж танилцуулах дуртай вэ?
Германд зөндөө удаан байсан нь үнэн болохоор нэг их эмзэглээд байдаггүй /инээв/. Ер нь бол дасгалжуулагч Ч.Ижилболд гэж танилцуулах дуртай. Багш гэхээр арай л нийцэхгүй байх шиг.
-Та яагаад дасгалжуулагч болъё гэж шийдсэн бэ?
Би 14 настайгаасаа сагс маш их үздэг байсан. Дээд ангийн ах нар сагс тоглож байхыг хүртэл ганц хоёр найзуудтайгаа байнга очиж үзэх дуртай байв. Тэгээд удалгүй дугуйланд явж эхэлсэн. Тэр үеэс л энэ замналыг сонгосон байх.
-Гэхдээ ихэнхи хүүхдүүд дунд сургуульд байхдаа сагсан бөмбөг, ер нь спортод дуртай байж байгаад сургуулиа төгсөөд ихэвчлэн орхидог. Та харин тэр дуртай зүйл, хүсэл мөрөөдлөө үргэлжлүүлээд дасгалжуулагч болсон байна шүү дээ?
Би Германд анх очоод сагсан бөмбөгийн спортыг системтэй сураагүй юм байна гэдгээ мөн дараах хоёр зүйлийг ухаарч ойлгосон. Нэгдүгээрт, хэдий маш их хүсэл эрмэлзлэлтэй, дуртай байсан ч гэлээ мэргэжлийн түвшний тамирчин болоход оройтсон байв. Хоёрт, надад сагсан бөмбөг тоглох өгөгдөл нь бас төдийлөн байгаагүй гэдгийг. Магадгүй би Герман улсад 10 настайдаа очсон бол тэндэхийн системээс тамирчин болох боломжтой. Гэвч миний тухайд хэдийнэ оройтсон байсан. Тэгээд тухайн үед би бодсон л доо, монголд сагсан бөмбөгийг системтэйгээр заах, тэр дундаа хүүхдүүдийг зөв бэлтгэх нь миний хийх ёстой зүйл юм байна гэж.
-Манай Монгол хүүхдүүд өөр оронд, эсвэл бүсийн хэмжээнд тоглох боломж, нөхцөл, гадаад харилцаа бий юу?
Байлгүй яах вэ. Шаравжамц тамирчны хүүхэд Энхийн-Од байна тийм үү? Өгөгдөл нь байна, нуруу нь байна. Тэгээд бас Монголд байхдаа өөрөө өндөр тоглогчийн байрлал дээр биш намхан холбогчийн байрлал дээр анхнаасаа тоглочихсон. Тэгээд яваандаа өөрөө өсөөд өндөр тоглогч болсон. Байрлал дээрээ маш өндөр. Би хувьдаа Энхийн-Одыг өндөр түвшинд ороод НБА-гийн Монголын хамгийн анхны тоглогч болоод яваасай гэж хүсэж байна. Явж чадах боломж, нөөц ч бас харагдаж байгаа гэж хувьдаа боддог.
-Гэхдээ Энхийн-Одын хувьд аав нь мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч тул нийт хүмүүсээс арай ялгаатай байх л даа. Бусад хүүхдүүдийн хувьд ч мөн энэ боломж, нөөц байна гэж та хардаг уу?
Боломж байлгүй яах вэ. Мэдээж 10 хүүхдээс хэд нь вэ, эсвэл 100 хүүхдээс хэд нь вэ гэдэг л байгаа болохоос биш яагаад үгүй гэж? Одоо дэлхий дээр бүх зүйл маш нээлттэй болсон байна шүү дээ. Тийм учраас өмнө хэлсэнчлэн хамгийн гол нь бид зөв бэлдэх ёстой.
-Та Монголд ирээд нэлээн хугацаа өнгөрөөжээ. Энэ хугацаанд та өөрийн хүсэж буй тэр системийг суулгаж чадсан уу, ямар бэрхшээл тулгарч байна?
Мэдээж бүхий л зорилго маань системийг суулгахын төлөө байна. Долоон жилийн өмнө Монголд ирсэн даруйдаа “Дрийм” сагсан бөмбөгийн академийг анх байгуулжээ. Таны харж буй энэ бэлтгэл дээр байгаа хүүхдүүд маань тэгэхээр долоо дахь жилдээ суралцаж байгаа. Ихэнхи нь бүр багадаа 7-8 настайдаа ирсэн. Эд нар маань сагсан бөмбөгийг зөв сурч байгаа. Насныхаа ангиллын тэмцээнүүдэд ороод ихэвчлэн эхний гурван байранд ордог. Манай хүүхдүүдийн тоглож буй багууд аймаг, дүүргийн шигшээ зэрэг маш мундаг өрсөлдөгчид байдаг. Энэ бүхнээс би хүсээд буй ажлынхаа үр дүнг тодорхой хэмжээнд харж байна гэж боддог.
-Хүүхдүүд дунд, ахлах сургуулийн биеийн тамирын хичээл дээр сурдаггүй юуг “Дрийм” сагсан бөмбөгийн академид сурах боломжтой вэ? Систем гэдгийг жаахан задалж онцлогийг нь яривал?
Сагсан бөмбөг бол олон зүйлээс бүрддэг маш цогц спорт. Маш олон өөр ур чадвар шаарддаг. Тухайлбал та хэдхэн секундын дотор шийдвэр гаргах шаардлагатай. Мөн шийдвэр гаргах үедээ сайн дамжуулна, зална, эсвэл хамгаална гээд маш олон техникийн үндсэн элементүүдийг мэдэх, сурсан байх шаардлагатай байдаг. Мөн дээрээс нь нэмээд хөлийн ажиллагаа, багийн хамтын ажиллагаа, зөв хандлага гэх мэт маш олон зүйлийг дурьдаж болно. Сагсан бөмбөгийг дагаад маш олон суурь чанарууд, чадварууд хэрэгтэй болдог. Тэр болгоныг нэг бүрчлэн заахыг систем гэж ойлгож болно. Түүнчлэн эдгээр ур чадвар, ажиллагааг заахдаа холбогдох норм, батлагдсан стандартын дагуу заадаг. Монгол хүүхдүүд нам нуруутай, хурдтай гэх мэт онцлог мөн бий. Иймээс сагсан бөмбөгийн хичээл заахдаа эдгээр онцлогийг харгалзан анхаарч үздэг.
-Танай академийн зарим сурагчид 7-8 настайгаасаа эхлэн хичээллэж байгаа гэж та өмнө дурьдсан. Энэ тууштай байдалд юу нөлөөлж байна гэж та боддог вэ?
Хүүхдүүд олон жил ингэж удаан тогтоод байна гэдэг маань манай академийн онцлог, үүсгэсэн соёл нөлөөлдөг болов уу. Хоёрдугаарт, хүүхдийн өөрийн хүсэл эрмэлзлэл, эцэг эхчүүдийн дэмжлэг юм. Ерөнхийдөө бага насны хүүхдүүд маш өндөр хүсэл эрмэлзлэлтэй. Түүн дээр нь зөв залаад тухайн хүүхдийн урам зориг, хүсэл эрмэлзлийг мохоолгүй авч явбал дийлэнхи хүүхэд маш тууштай, дуртай явдаг.
-Манай улсад биеийн тамир ч бай, математик ч бай багш нар хэдэн сайн хүүхэдтэйгээ ажиллаад бусдыг нь орхигдуулах хандлага ер нь ажиглагддаг. Таны хувьд бүх хүүхдийг дасгал, сургуулилтад жигд, тэгш хамруулахын тулд ямар арга зүй баримталдаг вэ?
Энэ бол маш амаргүй. Манай “Дрийм” сагсан бөмбөгийн академийн шигшээ баг гэж бий. Нийт 20 орчим хүүхэд байдаг. Эдгээрт сайн, муу янз бүрийн хүүхэд байгаа. Би хувьдаа хэзээ ч сайн хүүхдүүдийг шигшиж авч ирээд хичээллүүлдэггүй. Медаль, цом авахын төлөө явдаггүй, түүнийг чухалчилдаггүй. Багаасаа явж байгаа, энд хичээллэх хүсэлтэй хүүхдүүд л ихэвчлэн байдаг. Аль болох бүх хүүхэдтэй ижил харьцаж, урам өгч ажиллахыг эрмэлздэг. Ер нь хүн бүрд хувийн зорилго тавьж өгөх хэрэгтэй. Мөн багийн нийт зорилго байх хэрэгтэй. За энэ жил чи сонгосон ур чадвар, зорилт дээрээ ажиллаарай, хоёулаа чиний тавьсан зорилгод хүрэхийн төлөө эдгээр зүйлсийг онцгойлон хийе гэх мэтээр хүүхдүүдтэй ажилладаг. Хүүхэд бүртэй хувь хүний онцлогт нь тохируулан тулж ажиллах маш чухал.
Сагсан бөмбөгийн сургалт, хичээл гэхээр би хувьдаа төсөөлөл жаахан бага. Та үүнийг дэлгэрүүлэн хэлж өгнө үү.
Хоёр цагийн сагсан бөмбөгийн сургалт гэж бодъё. Түүний эхний 1.5 цагт тухайн хүүхдэд хэрэгтэй халаалт, гүйлт, хурд хүч, тэсвэр зэрэг суурь чанар, чадваруудыг заана. Үүнээс гадна тухайлсан ур чадварын техникүүд, багийн тактик зэргийг мөн заана. Үүний дараа үлдсэн 30 минутад хүүхдүүд сурсан мэдлэгээ давтаж, багаар тоглодог.
-Хүүхдүүдтэй тэмцээнд орж байх үед эцэг, эхчүүд тантай зэрэгцэж дасгалжуулах ч юмуу тийм тохиолдол гардаг уу? Тэгвэл та хэрхэн зохицуулдаг вэ?
Тийм зүйл бол огт байхгүй /инээв/. Манай эцэг эхчүүд багийн хүүхдүүдийг маш их дэмждэг. Эцэг эхчүүдийн фэйсбүүк групп гэж байдаг. Тэнд бүгд л багаа хэрхэн яаж дэмжих үү зэрэг хэлэлцүүлэг өрнүүлдэг. Эцэг эхчүүдээ би арын албаныхан л гэж ойлгодог. Хамтран ажиллах их таатай байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дэмжиж байж хүүхдүүд сагсан бөмбөгөөр хичээллэх боломж бүрддэг. Тэгэхээр энэ бол хамтын ажиллагаа.
-Та Дрийм академийг ирээдүйд ямар болсон байна гэж төсөөлдөг вэ?
Эхнээсээ хүүхдүүд маань том болж байна. Лигийн тамирчид олноороо гарч ирдэг, зөвхөн сайн сагсчин бэлдэхээс гадна зөв соёлтой зөв хүн бэлддэг тийм газар байх болно л гэж боддог.
-Та спортоор, тэр дундаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг, хичээллэмээр байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
Шантрахгүй байх хэрэгтэй. Өөртөө зорилго тавиад түүнийхээ араас тасралтгүй явах хэрэгтэй. Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, шударга байх хэрэгтэй. Хамгийн чухал нь зөв газраа зөв хүмүүс дээрээ байх хэрэгтэй.
-Та өмнө хүүхэд бүрд тохирсон арга барилаар ажиллах ёстой гэж дурдсан. Та хүүхдүүдийг хэрхэн илүү урам зоригтой болгодог вэ?
Хүүхдүүдэд нэг зүйлийг сайн ойлгуулах хэрэгтэй. Бүх хүн Майкл Жордан болохгүй. Чи хамгийн гол нь өнөөдрийн өөрөөсөө маргааш илүү байх хэрэгтэй. Түрүү жил чи солгойгоороо залаад орж чаддаггүй байсан бол энэ жил солгойгоороо залаад ордог болсон байна. Өөрийгөө бусадтай биш зөвхөн өөртэйгөө, өөрийнхөө өмнөх хувилбартай л харьцуул гэж их хэлдэг. Хүүхэдтэй яаж ярихаас бас их зүйл хамаарна. Үг гэдэг бол хамгийн том зэвсэг.
-Таны мөрөөдөл юу вэ?
Би нэг их агуу зүйл мөрөөддөггүй шүү дээ. Монголынхоо сагсан бөмбөгийг гоё болгох, азидаа ранкаараа сайн болгох. Монгол орондоо амгалан тайван, зөв сайхан амьдрах л мөрөөдөл юм даа ер нь.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Л.Пүрэвдулам