Нэгдүгээр сарын 26-нд БГД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны 7 давхраас гурван настай хүүхэд, эвдэрхий лифтний хаалга түшин зогсож байгаад унаж, амиа алдсан. Үүнтэй холбогдуулан бид нэг сарын өмнө, "Хүүхэд “залгисан” лифт эвдэрхий хэвээр дараагийн хохирогчоо хүлээж байна" сурвалжилга бэлтгэж, энэ талаар мэдээлсэн. Үүний дараа энэ асуудалд лифтний мөнгө идсэн гэж нэр холбогдсон БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Миеэгомбоос ч тодруулга авч байсан юм. Ингэхэд тэрбээр 45 саяыг хувьдаа зарцуулаагүй талаараа баримт дэлгэн тайлбарласан билээ. Гэсэн ч тэрбээр тухайн үед, “Үүсээд буй ноцтой асуудалд хэн ч хариуцлага хүлээх ёстой. Хүн ёсны хувьд хариуцлагаас бултах эрх байхгүй. Нэгэнт би нэр холбогдсоных дүүргийн нөөц хөрөнгөөс энэ сардаа шинэ лифт тавих төсөв гаргана” гэж мэдээлэл өгсөн юм.
Үүний дагуу бид түүнтэй холбогдож, БГД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны СӨХ-ны асуудал болон, лифтээ засварлаж буй эсэх талаар тодрууллаа.
Тэрбээр, “Тухайн байрны нэг лифтэнд засвар оруулахаар тендер зарласан байгаа. Харин нөгөө талын орцны буюу хүүхэд осолдсон лифтийг шинээр тавихаар тендер зарласан. Ингэхдээ тендер зарлаад хүлээх биш том том компаниуд руу урилга явуулж, асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Байрны СӨХ-ны асуудлын тухайд шийдвэрлэгдсэн гэж хэлж болно. СӨХ нь хурлаа хорооны засаг даргын хяналтан доор явуулсан. Тамга тэмдгээ шилжүүлдэггүй СӨХ-ны дарга н.Цэцгээ гэгчийг халж илүү туршлагатай хүнд тамга тэмдгийг шилжүүлсэн байгаа” гэлээ.