УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл өгөв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы нээлт боллоо. Бар жил гарлаа. Бар жил ирэхэд Монгол Улсад дандаа сайн сайхан зүйл тохиодог. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсаа зарласан түүхтэй. Усан бар жил нэгдэж нягтран, УИХ-д бүлэгтэй намын хувьд үйл ажиллагаагах жигдрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэв.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ, "Манай намын нэрийг барьж, намын даргын сунгаа гэх хууль бус үйлдэл хийж, нээлтийг нь маргааш хийх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж. Батсуурь нар хууль бус үйлдэлд оролцсонд харамсаж байна. Энэ үйл явц юунаас гаралтай вэ гэхээр гэмт үйлдлээ нуун далдлах гэсэн зорилгоор АН-ыг халхавч болгон ашиглаж байна.
Х.Баттулгатай холбоотой олон асуудал ар араасаа гарсаар байна. Засгийн газар хуралдан, 2016 оноос өмнөх Хөгжлийн банктай холбоотой баримтуудыг нууцаас гаргахаар шийдсэн. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 50-иас дээш хувь нь ХХБ-ны зээл, төмөр замтай, Х.Баттулгатай холбоотой. Энэ бүхэн удахгүй ил болно. Хөгжлийн банкны хөрөнгөөр яаж тоглосон баримтын зах зух нь ил болно. Мөн АН-ын байрны газрыг барьцаалаад Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөө төлөлгүй хүү торгуульд орж, одоо 24 тэрбум төгрөг болох гэж байна. Ийм хэмжээний өр авлагад орсон. Монголын ардчилсан холбооны партизануудад байр барина хэмээн "Буман залуус" хэмээх хулхи хөтөлбөр зарласан. "Пирамид орд" компаниар дамжуулан энэ зээлийг авсан. Энэ мэт олон асуудал бий. Би сонирхсон сэтгүүлчдэд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.
Даргын сунгаа АН-ын эв нэгдэлтэй холбоогүй. Гэмт этгээдүүд АН-ын ард орж нуугдах гэж байна. АН-ын хамгаалалтад орох гэсэн арга юм. АН-ыг өөрийн бамбай болгох нь. Х.Баттулга МоАХ-ны дарга болоод 15 жил өнгөрсөн. Би 2016 оны арван хоёрдугаар сард энэ холбооны тамга тэмдгийг Х.Баттулгад гардуулан өгсөн. Гэтэл ардчиллын салхи, манлайлагч болсон энэ холбоог 15 жил "унтууллаа". Одоо АН-ыг халааслан, унтуулах гээд байна уу? Үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Энэ нөхөр бол эрүүгийн гэмт хэрэгтэн.
ОХУ-Украины дайн хүн төрөлхтний жигшил зэвүүцлийг төрүүлж байна. Жижиг улс руу зэвсэг хуримтлуулсан том гүрэн дайрах нь түрэмгийлэл юм. Илэрхий хүч давуу улс эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна. Үүнд өөр тайлбар байхгүй. Манай улсад ч ийм эмгэнэлт үйл явдал тохиолдохгүй гэх баталгаа байхгүй. Бид аливаа асуудалд энх тайванчаар хандан, шударга ёсны талд зогсох ёстой. АН энэ байр сууриндаа хатуу байна. Биднийг янз бүрээр хэлсэнд эмзэглэхгүй. Дэлхийн хамтын нийгэмлэгийн олонхын байр суурьтай нэг гэдгээ харуулна. Энэ дайныг хэн илэрхий дэмжиж байгааг та бүхэн мэднэ. Энэ бол цаг хугацааны асуудал. Удахгүй хэний зөв, хэний буруу байсан нь тос, усаараа ялгарна" гэсэн юм.