УИХ-ын чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрээр "Энэ чуулганы дараа монголчууд тодорхой гурван асуудлын ард гармаар байна. Үндсэн хуулийн асуудал бий. Өнөөдөр Украин-Оросын дайны асуудал үүсээд байна. Хоёрхон сарын өмнө Казахстанд ийм зүйл болсон. Монгол орны хувьд хөрш орнуудаа хүндэтгэхийн сацуу эрх чөлөө, ардчиллаа хангаж ажиллах ёстой. Тиймээс парламентын ардчиллыг бэхжүүлэх ёстой. Иймд үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй ба ХҮН-аас шахаж ажиллана. Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдал нь ардчилал юм. Улс төрийн намын тухай хууль бас чухал. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд анхаарч ажиллах ёстой. Хөгжлийн банкны асуудал Украины асуудалд дарагдаад хэсэг чимээгүй болсон. Гэхдээ бид мартаж, эвлэрч болохгүй. Хяналт шалгалтын ажлын хэсэгт нь ХҮН-аас орсон. Сонгуулийн тогтолцоог өөрчилж бэлэг тараадгийг болих хэрэгтэй. Гишүүдийн тоог өсгөх нь зөв. 76 гишүүн баталсан үеэс хойш хүн амын тоо өссөн. Монгол Улсын Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүнийг парламентаас сонгодог байя. Эсвэл өргөтгөсөн парламент буюу ИТХ-ын төлөөлөгчдөөс сонгодог байя. Иргэдээс сонгогдоод ажлаа булаацалддаг байдлыг халъя" гэв.