Улсын бүртгэлийн 22 лавлагаа, 50 төрлийн үйлчилгээг E-Mongolia-д нэвтрүүлсэн талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иргэний улсын бүртгэлийн 26 төрлийн үйлчилгээ, 12 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 13 төрлийн үйлчилгээ, долоон төрлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн есөн төрлийн үйлчилгээ, гурван төрлийг лавлагааг тус тус цахимаар үзүүлж байна. Эдгээрээс 27 үйлчилгээ нь шуудан хүргэлтээр хийгдэж байгаа.
E-Mongolia-аар дамжуулан нийт 2,150,020 лавлагаа, үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд тус тус үзүүлээд байна. Цахим үйлчилгээ нэвтэрснээр 30 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдсэн. Шуудангийн хүргэлтээр 90 иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлээд байна.
Цаашид цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, шинээр 50 төрлийн үйлчилгээ болон 38 шуудан хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэлээ.
Цаашид хийхээр төлөвлөж буй ажлын тухайд "Цахим үйлчилгээний заалыг ашиглан улсын бүртгэгч дээр заавал ирэхгүйгээр цахимаар үйлчилгээ авах боломжоор хангахаар бэлтгэлээ хангаж байна. E-Mongolia системд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бүртгэлийг удахгүй оруулна.
Иргэн банкан дээр очоод барьцаа хөрөнгө бүртгүүлж, дуусгавар болгодог. Барьцаа хөрөнгийн тэмдэглэгээ хийлгэх үйлчилгээ улсын бүртгэлийн хувьд ихээхэн ачаалал үүсгэдэг. Тэгвэл тухайн банктай улсын бүртгэлийн байгууллагын систем холбоотой ажилласнаар иргэн хоёр газар очихгүйгээр зөвхөн банкнаас барьцаа хөрөнгөтэй холбоотой үйлчилгээг авдаг болно" гэсэн тайлбар өглөө.
Түүнчлэн сар болгон нэг цахим үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг энэ үеэр дурдав.
E-Mongolia-д хоёрдугаар сард шинээр нэвтэрсэн үйлчилгээнүүд:
- Нөхөн бүртгэл /Төрсний, гэрлэсний, гэрлэлт сэргээсний, дуусгавар болгосны, нас барсны, үрчилсний, овог, эцэг, эхийн, өөрийн нэр өөрчилсний/
- Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх /эцсийн өмчлөгч өөрчлөгдөх/
- Татан буулгасныг бүртгүүлэх /Татан буулгах тухай мэдэгдэх/
- Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл /Төрөөс худалдаж авсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх, бэлэглэх/