Теннесси мужийн амьтны хүрээлэнгээс тэмээ зугтаж, хоёр хүний амийг хөнөөсөн тухай мужийн шериф мэдэгдэв.
Обион мужийн шерифийн албаны ажилтнууд Пүрэв гарагийн 17.44 цагийн орчимд "Обион дахь Өмнөд Блаффын замд байрлах Ширли фермийн ойролцоо сул тэмээ хүмүүс рүү дайрч байна" гэсэн дуудлагыг хүлээн авч, очсон ч хожимдсон байжээ.
Цагдаагийн ажилтнуудыг Мемфисээс 100 миллийн зайд орших фермд очиход хохирогч хоёр иргэн хоёул ухаангүй байдалтай, харин тэмээ тэр хавиар нь сул явж байсан аж. Хохирогчдыг эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан байна.
Амьтны хүрээлэнгээс зугтсан тэмээ догшин авиртай байсан ба шерифийн машин руу дайрсан учир алба хаагчид хэргийн газарт байгаа бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэмээг аюулгүй болгожээ.
Шерифийн мэдэгдэлд Бобби Матени, Томми Ганн гэх хоёр хохирогч "шархаа даалгүй газар дээрээ нас барсан" гэжээ.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны байцаагчид амьтны хүрээлэнд амьтдын арчилгаа, зохицуулалтын асуудал байгааг тэмдэглэсэн байж.
2019 оны 7-р сард үзлэг шалгалт хийсэн байцаагч: "Тэмээний ундны усны цорын ганц гарц бол тэдний хашаагаар урсдаг маш жижиг гүехэн шаварлаг горхи байсан. Усны тэвш болон бусад ундны усны эх үүсвэрт нэвтрэх боломжгүй" гэж тодорхойлсон бол 2018 оны 10-р сард шалгасан байцаагч: "Олон нийт (насанд хүрэгчид болон хүүхдүүд) ямар ч ажилтан/үйлчлэгчийн оролцоогүйгээр амьтдыг хооллож байсан" ноцтой зөрчлийг тэмдэглэжээ.
Харин тэмээ хэзээ, яаж амьтны хүрээлэнгээс зугтсан болон догшин авирлаж хүн рүү дайрах болсон шалтгааны талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: The Guardian