Шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ Крымийн татаруудад хандаж байгаа байдал нь Украины шинээр булаан авсан нутаг дэвсгэрт тэрс үзэлтнүүдэд чиглэсэн тактик байж болзошгүйг сэрэмжлүүллээ.
Пүрэв гарагийн өглөөний 6 цагт Оросын долоон цэрэг Украины зүүн өмнөд хэсэгт орших Мелитополь дахь Лейла Ибрагимовагийн гэрт дайран оржээ.
Крымийн татар үндэстэн Ибрагимова бол Орос Украин руу довтолсны дараа Оросын армийн хяналтад орсон хотын нэр хүндтэй иргэдийн нэг.
Запорожье мужийн зөвлөлийн депутат, Мелитополь хотын музейн захирал тэрбээр 2014 онд ОХУ-д нэгтгэсэн Крымийн уугуул лалын шашинт 12000 орчим хүн амтай Крымийн татаруудыг багтаасан тойргийнхоо төлөө тууштай тэмцэж ирсэн аж.
Цэргүүд Ибрагимовагийн толгойд уут углан түүнийг хүчээр машинд суулган тодорхойгүй газар очиж байцаалт авсан байна.
Тэд түүнээс Крымийн татаруудын орон нутгийн Азад байгууллагын тухай, мөн нутаг дэвсгэрийнхээ идэвхтэн, үзэл бодлын удирдагчдын нэр, хаягийг асуужээ. Ибрагимова тэдэнд ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж, тэдний үйлдлийг хууль бус гэж мэдэгджээ.
Ибрагимов “Энэ бол Украин хэвээр байгаа, Оросын хууль энд үйлчилдэггүй” хэмээн эсэргүүцэл үзүүлсэн байна.
Тэр өдрийн орой Ибрагимова суллагдсан юм. Оросын эзлэн түрэмгийлэгч хүчнийхэн түүнд ямар нэгэн ял тулгахгүй байхаар шийдсэн бололтой, одоогоор Ибрагимов болон түүний дотнын хүмүүст ямар нэгэн зүйл тохиолдоогүй байна.
Гэсэн хэдий ч шинжээчдийн үзэж байгаагаар Ибрагимовыг баривчилсан явдал нь сүүлийн хоёр долоо хоногт хяналтдаа авсан нутаг дэвсгэрийнхээ талаар Оросын урт хугацааны төлөвлөгөө, түүнд хүрэх тактикийн талаар ойлголт өгч магадгүй юм.
"Баривчлах ажиллагааны зорилго нь Ибрагимоваг заналхийлж, түүнтэй холбоотой хүмүүсийн талаар мэдээлэл авах, Оросын цэргүүд дараа нь онилох хүмүүс, байгууллагуудаа тодорхойлох явдал. Энэ бол Оросын аюулгүй байдлын албаны сайн мэддэг, ашигладаг аргууд. Тэд 2014 оноос хойш Крымд ийм зүйл хийсэн” гэж Варшавын Их Сургуулийн Европ дахь Исламын факультетын улс төр судлаач Недим Усейнов Аль Жазирад ярьжээ.
Усейнов хэлэхдээ, Оросын төлөвлөгөө нь газар нутгийг булаан авч, Украины далайд гарах гарцыг бүрмөсөн тасалж, тусгаар тогтносон Донецк, Луганск бүс нутгийг Оросын эх газар болон Крымтэй холбох боломжийг бүрдүүлэх явдал гэжээ.
Оросууд Херсон мужид үймээн самуун зохион байгуулахын тулд Крымийн Татар хамтран зүтгэгчдийг авчирч эхэлсэн гэх мэдээлэл ч цацагдаад буй.
ОХУ-ын Крым дахь Татаруудын талаар баримталж буй бодлогыг сайтар ажиглавал саяхан Оросын мэдэлд орсон Украины өмнөд нутгийн бусад нутаг дэвсгэрт идэвхтэн, албан тушаалтнууд болон олон нийтийн удирдагчид юу тохиолдож болохыг харуулж чадна гэж шинжээчид дүгнэж байгаа юм.
“Крымийн татаруудын байдал Крымийг эзлэн авснаас хойш хүнд байсан. Орос улс эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэгч бүх идэвхтнүүдийг хавчиж, цэвэрлэгээ зохион байгуулсаар ирсэн” гэж Польшийн Хельсинкийн Хүний эрхийн сангийн ажилтан Ленур Керымов Аль Жазира агентлагт ярьжээ.
“Одоог хүртэл Крымд 20 орчим хүн ор сураггүй алга болоод байна. Тэднийг хамгаалалтын албаныхан хулгайлсан бөгөөд нас барсан байх магадлал өндөр. Энэ явдал хүмүүсийн сэтгэл зүйд асар их нөлөөлсөн. Оросын Крымийн татаруудын талаарх бодлого бол терроризм" гэж дүгнэж буйгаа Ленур Керымов тодотгожээ.
Крымийн татаруудыг хэлмэгдүүлсэн нь зарим талаараа шашин шүтлэгтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа ч нийгэмд олон хүн Оросыг нэгтгэхийг эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилсэнтэй холбоотой гэх дүгнэлт давамгайлж байна.
Оросууд Крымд байх сүүлийн найман жилийн хугацаанд идэвхтнүүдийн гэрт нэгжлэг хийж, бараг бүх бие даасан Крым Татар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, орон нутгийн сэтгүүлчид явахаас өөр аргагүйд хүрч, эсвэл улс төрөөс зугтаж өөр чиглэлээр ажиллах болсон нь орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бүрэн цензур тогтоосонтой холбоотой.
Крымд Оросжуулах улс төр ч ид өрнөж байна. Цаасан дээр Крым нь орос, Крым татар, украин гэсэн гурван албан ёсны хэлтэй байтал сургуулиудад Крым татар, украин хэлээр хичээл заах хүсэлгүй байна гэж орон нутгийн идэвхтнүүд, мэргэжилтнүүд хэлж байна. Энэ бодлого нь Татаруудын өвөрмөц байдал, соёлын бүх ул мөрийг арилгаж, аливаа иргэний хөдөлгөөнийг таслан зогсоох зорилготой гэнэ. Оросын шоронгуудад урт хугацаагаар хорих ял авсан 100 гаруй Крым татарууд байдаг. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь лалын шашинтнууд аж.
Эх сурвалж: Aljazeera