
Ойрхи Дорнодын голдуу 16 мянга гаруй хүн тулалдаанд нэгдэхийг хүсч, нэгдэж байгаа талаар ОХУ-ын төлөөлөгч мэдэгдэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Донбасс мужид тулалдаж буй Москваг дэмжигч салан тусгаарлагчдад сайн дурынхныг, тэр дундаа гадаадаас сайн дурынхныг элсүүлж, эгнээндээ нэгтгэх асуудлыг дэмжжээ.
Баасан гарагт болсон ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр ерөнхийлөгч Путин "Сайн дурын үндсэн дээр, мөнгөний төлөө бус, Донбаст амьдардаг хүмүүст туслах хүсэлтэй хүмүүс байна. Тэднийг байлдааны бүс рүү шилжихэд нь туслах хэрэгтэй" гэж хэлснийг эх сурвалжууд уламжилсан байна.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлснээр, Ойрхи Дорнодоос голдуу ирсэн 16 мянга гаруй хүн оросын армид нэгдэж буй аж.
Ням гарагт Wall Street Journal сонин АНУ-ын нэрээ нууцалсан албаны хүмүүсийн хэлснийг иш татан, Орос хот суурин газрын байлдааны туршлагатай Сирийн дайчдыг элсүүлж байна гэж бичжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гарагт зарим хугацаат цэргийн алба хаагчид мөргөлдөөнд оролцож байгааг хүлээн зөвшөөрсөн нь ерөнхийлөгч Путины олон удаа үгүйсгэсэн мэдэгдэл, Украинд хийж буй дайралтад зөвхөн мэргэжлийн цэрэг, офицеруудыг илгээсэн гэсэн үгстэй зөрж байгаа юм.
Баасан гарагт Шойгу тус зөвлөлийн хуралдааны үеэр Украинд Оросын армийн олзолж авсан барууны гаралтай “Жавелин” болон “Стингер” пуужингуудыг Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард улсын салан тусгаарлагч хүчинд өгөхийг санал болгосон гэнэ.
"Оросын армийн гарт орсон барууны зэвсэг, ялангуяа барууны зэвсэг нийлүүлэлтийн тухайд би үүнийг Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсын цэргийн ангиудад өгөх боломжийг дэмжиж байна" гэж ерөнхийлөгч Путин хэлж, үүнийг нь ёсчлон биелүүлэхийг Батлан хамгаалахын сайддаа үүрэг болгожээ.
Эх сурвалж: Aljazeera