Европын хөлбөмбөгийн аварга Челси баг Роман Абрамовичийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай гэсэн шалтгаант хориг арга хэмжээд орсны дараа Их Британийн засгийн газраас лицензээр битүүмжилсэн хөрөнгийн тоонд багтжээ.
Орос Украинд түрэмгийлсний дараа мөрдөн байцаалтад хүртэл орж байсан Абрамович өнгөрсөн долоо хоногт Премьер лигийн клубээ зарж байгаагаа зарласан юм. Харамсалтай багаа зарах явц одоо зогсонги байдалд орж, битүүмжлэгдсэн хөрөнгийн тоонд ороод байна.
Форбес сэтгүүлээс 3.2 тэрбум доллараар үнэлсэн, багууд дунд дэлхийн хөлбөмбөгийн долоодугаарт эрэмблэгдсэн баруун Лондоны уг клубыг 5-р сарын 31-ний өдрийг хүртэл засгийн газрын тусгай зөвшөөрлийн дагуу үргэлжлүүлэн тоглож болох ч эзэмшигч нь солигдох боломжгүйгээр битүүмжлэв.
“Лиценз бол спорт, Премьер лиг, хөлбөмбөгийн өргөн хүрээний пирамид, үндсэн тоглоом, үнэнч хөгжөөн дэмжигчид болон бусад клубуудыг хамгаалах аюулгүйн сүлжээ юм. Энэ нь Роман Абрамовичийг клубын өмчлөх эрхээ хасуулж, Их Британийн хориг арга хэмжээг тойрч гарах боломжгүй болгоно” гэж Их Британийн Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Оросын тэрбумтан Роман Абрамович пүрэв гарагт Их Британийн хориг арга хэмжээний дагуу хөрөнгө нь битүүмжлэгдсэн Оросын харьяат долоон чинээлэг хүний тоонд багтсан. Засгийн газраас авсан битүүмжлэл нь Челси багийн тоглолтын тасалбар зарахаас эхлээд тоглогчдод гарын үсэг зурах хүртэлх багийн үйл ажиллагааг шууд хязгаарлаж байгаа юм.
Челсиг өнгөрсөн долоо хоногт “худалдаанд гаргасан” бөгөөд Абрамович олсон орлогоо дайны хохирогчдод зориулсан санд зориулна гэж Абрамович мэдэгдэж байв. Гэхдээ борлуулалтын үйл явц нь мөн засгийн газраас зөвшөөрөл авах ёстой гэдгийг тэрээр мэдээгүй бололтой.
"Одоогийн лиценз нь клубыг зарахыг зөвшөөрөхгүй байгаа ч засгийн газар клубыг худалдахад нээлттэй байгаа бөгөөд худалдах зөвшөөрөл олгох шинэ лиценз авах өргөдлийг хүлээн авна" гэж Засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв. Хориг арга хэмжээнд багтсан хүний борлуулалтаас олсон орлого нь хориглогдсон хүнд очих боломжгүй байдаг аж.
Их Британийн Засгийн газар Абрамовичийг 9 тэрбум фунт стерлинг буюу 12 тэрбум ам.доллараас дээш хөрөнгөтэй "Кремлийг дэмжигч олигархи" гэж нэрлэсэн бөгөөд Путинтэй холбоотой байсан төдийгүй Украиныг "тогтворгүй болгож, сүйрүүлж, заналхийлсэн" хэрэгт холбоотой гэж үзэж буй.
1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараах эмх замбараагүй жилүүдэд газрын тос, хөнгөн цагаанаар баяжсан Абрамович хоёр долоо хоногийн өмнө дайн эхэлснээс хойш Орос хөрш рүүгээ түрэмгийлснийг буруутгаагүй юм. Их Британийн засгийн газар Абрамовичийг Путины засаг захиргаанаас санхүүгийн ашиг хүртэж, тэр дундаа 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ОХУ-тай байгуулсан гэрээнд ч оролцсон гэжээ.
Сонируулахад, Роман Абрамович 2003 онд "Челси"-г 140 сая фунт стерлингээр (184 сая ам.доллар) худалдаж авсан бөгөөд түүний хөрөнгө оруулалт нь тэдний түүхэн дэх хамгийн амжилттай эрин үеийг авчирч, Премьер лигт тав, Английн цомын тэмцээнд таван удаа, Аваргуудын лигт хоёр удаа түрүүлсэн юм.
Спортын сэтгүүлч Гэвин Хамилтон Аль Жазирад хэлэхдээ “Хориг арга хэмжээ авснаар Абрамович багаа зарахад "маш хэцүү" болно. Тэр өмчлөх хугацаандаа клубт 1.5 тэрбум фунт стерлинг (1.97 тэрбум доллар) зээлүүлсэн. Тэр эдгээр өрийг тэглэхэд бэлэн байсан. Харин одоо хөрөнгийг битүүмжилвэл Челси албан ёсоор 1.5 тэрбум фунт стерлингийн өртэй бөгөөд түүнийгээ төлөх боломжгүй болно. Ирээдүйд ийм хэмжээний өртэй клуб авах боломжит эзэн олдохгүй болно" гэж гэж хэлэв.
Эх сурвалж: Aljazeera