"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт таван сая мод тарихаар болов.
Ингэхдээ зам дагуу тариалалтын зурвас байгуулахаар төлөвлөжээ. Энэ жил сум дундын Ойн ангиа түшиглэж 2.5 сая модыг тарьж зам дагуу зурвас байгуулж хаврын шороон шуурганаас сэргийлэх ажлыг хийхээр болсон байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ
Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр эхэлсэн. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нөлөөгөөр байгаль орчны салбар дахин сэргэж байгааг онцлоод, Үндэсний хөдөлгөөнд Говьсүмбэр аймаг нэгдэж, хүрээлэн буй орчноо цэцэрлэгжүүлэх зорилго тавьж, аймгийнхаа “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”- ийг зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.
Мөн нээлтэд МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг давхар уламжлан “Монгол Улсын ирээдүй ногоон байх болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн тус аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэлэв.
Анхдугаар зөвлөгөөн Төрийн дууллаар ёслол хүндэтгэлтэй эхэлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, танилцуулгаар үргэлжилж байна. Уг танилцуулгыг БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа тавьж байна.
Тус зөвлөгөөнд БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, БОАЖ-ын сайдын зөвлөх Ч.Даваабаяр, Цөлжилтийн судалгааны салбарын эрдэмтэн доктор А.Хауленбек, тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.