Энэ сарын 10-нд "17" продакшн “Voo”-гийн хамтран бүтээсэн “Хохирогч” олон ангит кино нээлтээ хийлээ.
Сэтгэл зүйн драм, тэр дундаа нууцлаг, ээдрээт төрөлд тооцогдох эл цуврал 10 ангитай. Киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан бол С.Уран продюсерээр ажилласан юм.
“Хохирогч” олон ангит киноны уран бүтээлчид “Нийгмийнхээ үнэт зүйл, зорилгын эрэг шураг нь болсон хүмүүс, ялангуяа залуус бид шударга хөдөлмөрөөр амьдралаа цогцлоохыг хүсэвч үнэхээр дор бүрнээ шударга, зөв амьдарч чадаж байна уу. Амжилт, мөнгөний төлөө зөвт зан чанарыг бус, материаллаг эл зүйлсийг нийгмийнхээ үнэт зүйл болгосон хүмүүс бүтээсэн нийгмийнхээ аль ч хэсэгт, шатанд нь өөрсдөө ч мэдэлгүй хохирогч нь болж байна.
Би л зорилгодоо хүрч байвал бусад нь хамаагүй гэж хүсч бодсоноос өөрсдөө ч анзаарч боддоггүй, хардаггүй нэг буруу үйлдэл яг л нэг үзүүрээсээ хөвөрч буй утас шиг зогсоохын аргагүй дараа дараагийн буруу үйлдлүүдийг дагуулдаг. Тиймээс нийгэм буюу түүнийг бүрэлдүүлэгч хүн бүр мууд муугаар биш, мууг сайнаар даван дийлэх ёстой гэдэг санааг үзэгчдээсээ бид асууж, бас өөрчлөхийг хүсч энэхүү киногоо бүтээлээ” гэж онцолсон.
Түүнчлэн “17” продакшныхан “Хохирогч” олон ангит киног хийц болон продакшны үнэ цэнийн хувьд гадаадын цувралуудын түвшинд ахиулахыг зорьж ажилласнаа дурдсан юм. Тодруулбал, зураг авалт, гэрэлтүүлэг, эвлүүлэг, өнгө, дүрүүдийн төрх, жүжигчдийн тоглолт гэхчлэн олон онцлог, шинэлэг байдлыг үзэгчдэд харуулахыг зорьжээ.