Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг, даалгавар санхүүжилтээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл тогтоогдсон талаар Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар мэдээлэл өглөө. Тэд Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллагын хүн гэдгийг нь мэдээгүй байсан, санаатайгаар хэлмэгдүүлж байна гэлээ. Тэд, "Энэ хуулийн заалтаар гадаадын хүнтэй уулзсан монгол хүн болгоныг эх орноосоо урвасан гэмт хэрэгтэн болгож болзошгүй байна. УИХ хуулийн энэ заалтаа өөрчлөх ёстой. Ч.Мөнхбаяр өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэдэгт итгэлтэй байгаа. Өөрөө маш их гайхсан, сэтгэл зүйн гүн шоконд орсон. Орчуулагч нар гадаадын ямар ч хүнтэй уулзаж л байдаг. Тэр болгонд тагнуулын хүн мөн эсэхийг тогтоох боломжгүй. Тиймээс энэ заалтаар хэн ч эх орноосоо урвагч болж 8-12 жилийн ял эдлэх магадлалтай юм байна" гэв.
Энэ үеэр иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан, "Хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбооны гишүүний хувьд энэ мэдээллийг хийж байна. Иргэн Ч.Мөнхбаяр нь өөрийн мэдэлгүйгээр тагнуулын үйл ажиллагаанд оролцсон. Ч.Мөнхбаяр нь монгол бичиг, хэл соёлоо хамгаалах, элэг нэгт монгол үндэстнийхээ төлөө үзэл бодлоо илэрхийлж байдгаас эх оронч хүн гэдэг нь тодорхой харагддаг.
Нийгэм даяараа Ч.Мөнхбаярыг үндэсний үзэлтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Ч.Мөнхбаяр нь гадаадын байгууллагаас мөнгөн урамшуулал авсан гэдгийг ТЕГ хэлсэн. Ч.Мөнхбаяр тагнуулын байгууллага гэдгийг мэдээгүй, харин ТЕГ мэдсэн байна. Тэгвэл мэдсэн юм бол урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээд ТЕГ яагаад сэрэмжлүүлсэнгүй вэ? Илт гэмт хэрэгтэн болгох гэсэн зорилготой байсан юм биш биз? Хэвлэлүүд Ч.Мөнхбаярын нэр алдарт санаатайгаар халдаж байна. Мөрдөн байцаалтын нууц, тагнуулын байгууллагад байдаг мэдээллийг ил гаргаж байна. Нууцын зэрэглэлтэй гэсэн мөртлөө хэвлэлийн байгууллагад нийтлэх эрхийг олгож байна.
Гаднын тагнуулын хүн гэдгийг мэдэлгүйгээр харилцсан хүн болгон яг адилхан тагнуул болж, эх орноосоо урвасан гэсэн хэрэгт татагдах хуультай байна. Орчуулагч сэтгүүлчид бүгд анхаарах ёстой. Ийм аргаар хэнийг ч гэмт хэрэгтэн болгох боломжтой. Хэрвээ Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын хүн гэдгийг мэдсэн бол түүнийг хамтарч ажилласан гэж үзнэ. Гэтэл мэдээгүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна.
Орчуулагч нар юм орчуулж өгснийхөө хөлсөнд мөнгө авдаг. Энэ зүйл ангиар гадаадын тагнуултай хамтран ажилласан гэдгээр хэрэгт орох гээд байна. Энэ асуудлыг УИХ ахиж шийдэх ёстой. Ганцхан Ч. Мөнхбаярт хамаарах заалт биш. Иргэн Ч.Мөнхбаяр ганцхан орос хэлтэй. Хэвлэлээр мэдээлсэн тэр гаднын хүн нь англи хэлтэй хүн. Орчуулагчаар дамжуулж харьцсан" гэв.