FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирддаг Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн наадам болон Азийн цомын урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнийг зарлалаа.
Тус холбооны мэдэгдэлд “Нэгдсэн дээд лиг зохион байгуулагдаж улмаар өргөтгөсөн шигшээ багийг тоглогчдын статистик үзүүлэлт дээр тулгуурлан Монголын сагсан бөмбөгийн холбооны шигшээ багийн комисс албан ёсоор зарлаж байна. Мөн нэгдсэн дээд лигийн плей-оффын хоёрдугаар шатанд багаа шалгаруулсан дасгалжуулагчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн багт уригдаж байна.
Өргөтгөсөн шигшээ багт дуудагдсан бүх тоглогч бэлтгэлд хамрагдах ба олон улсын жишгийн дагуу олон тоглогчид боломж олгож байгаа нь анх удаа хийгдэж буй дэвшилттэй, системтэй ажлын эхлэл юм. Улмаар өргөтгөсөн шигшээ багийг Үндэсний шигшээ багийн тоглогч шалгаруулах дүрмийн дагуу шалгаруулах ба хэд хэдэн нээлттэй сорил тоглолтууд хийх, олон улсын тэмцээнд оролцуулж бэлтгэл хангах зорилго тавин ажиллаж байна” гэжээ.
Энэхүү урьдчилсан бүрэлдэхүүнд Монголын өнөө цагийн шилдэг сагсан бөмбөгчид, дасгалжуулагчид дуудагдсан гэж хэлж болох ч NCAA-д тоглох болсон анхны монгол тамирчин Ш.Энхийн-Од болон сүүлийн хоёр улирал багаа аварга болгосон Ч.Ижилболд нар дуудагдаагүй нь сагсан бөмбөг сонирхогчдын дургүйцлийг хүргэж байна.
Гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүүгээ шигшээ багтаа сонгогдох гэж Монголд ирж, тоглосон гэдгийг хэлж, дээрх шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Баянгол Этүгэн Ирвэсүүд багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогт энэ удаагийн шигшээ багт багтсангүй. Түүнийг эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилох магадлалтай байна.