Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Өрөг хэлэлцүүлэг, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх агуулгын хүрээнд, “Жендэрийн тэгш оролцоог хангахад хэвлэл мэдээлэл хэрхэн нөлөөлдөг вэ” гэсэн сэдвийн дагуу хэлэлцлээ. Энэхүү сэдвийн хүрээнд,
Тэнгэр телевизийн продюсер Б.Ариунцэцэг, “Олон нийтийн зүгээс эмэгтэй улс төрчдөд квотоор УИХ-д орж ирсэн юм чинь, эмэгтэйчүүд л хүчирхийллийн эсрэг гэр бүлийн төлөө дуугарах, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарах ёстой гэсэн шаардлага тавьдаг.. Ийм тусдаа зүйл шаардах ёсгүй. Баттай адилхан Дулмаа, Доржтой адилхан Цэцгээ гэдэг ойлголт бий болох хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд сэтгүүлчид зорьж ажиллах ёстой юм.
Нөгөөтэйгүүр улс төртэй холбоотой сэдэв л сэтгүүлчийг од болгодог гэж ойлгоод байдаг. Энэ нь тэгш байдлыг үгүй хийгээд байгаа юм шиг. Улс төрөөс гадна маш олон сэдэв байдаг. Хоол хүнс, эрүүл мэнд, хүүхэд гэх мэт олон сэдэв байхад тэр болгоныг хаяад хэдэн улс төрчийн араас нэгдээд л байна. Ингэсээр байгаад нийгмийн ялгаатай байдлыг илүү дэвэргээд байгаа юм” гэлээ.
Харин сэтгүүлч М.Батхишиг, “Эмэгтэйчүүдийг улс төрд гаргах тал дээр мэдрэмжгүй ханддаг нь бодит зүйл болоод байгаа юм. Эмэгтэй улс төрчид зарим нэг жижиг алдаа гаргахаар түүнийг өөлж баалах асуудал олон байдаг. Эмэгтэй улс төрчдийн гаргадаг алдаа дутагдал нь эрэгтэй улс төрчид дээр гарахаар тэр нь мужик гэсэн хэвшмэл ойлголт руу яваад байдаг. Үүгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэгдүгээрт эх сурвалжийн тал дээр эрэгтэйчүүд л мундаг гэж харуулаад байна. Эрэгтэй хүн улс төрч байх ёстой. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд байх нь зөв гэдэг хэвшмэл ойлголтыг бий болгоод байна гэсэн үг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа эх сурвалжуудыг хараад иргэдэд нөлөөлж, иймэрхүү хэвшмэл ойлголт бий болж байна шүү дээ. Тэгэхээр 50:50 буюу хоёр эх сурвалжийн нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй хүн байх юм бол, эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрэхэд нөлөө үзүүлнэ гэж боддог” гэв.