Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.
Зөрчлийн тухай хууль нь 2017 оны долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд энэ хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр нөлөөг судалсан байна. Ингээд шинэчлэн найруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн ба өнгөрсөн нэг жилийн хугацаанд хуулийн төслийг боловсруулсан гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллийн эхэнд тодотгов. Тэрбээр, "Энэ хуулийг анх 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой хэсгүүдийг хуулж нэгтгээд баталж байсан. Түүнээс хойш тодорхой өөрчлөлт хийсээр ирсэн. Таван жилийн хугацааны хэрэгжилтэд нь судалгаа хийсэн. Олон нийтийн дунд энэ хууль зөвхөн торгодог, шийтгэдэг гэсэн ойлголт байдаг. Тиймээс үүнийг засах үүднээс төр шалган тусалдаг, зөвлөдөг зэргээр гаргасан зөрчилд шууд торгууль оногдуулахгүй байхаар хуулийн төслийг боловсруулсан" хэмээв.
Хуулийн төслийн талаар ирэх пүрэв гарагт Соёлын төв өргөөнд иргэний нийгмийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгааг мэдээлэв.
Хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа аж. Ингэхдээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах онцлог агуулга орж буйг тэмдэглэв. Учир нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх бүхий 11 мянган албан тушаалтан зөрчлийн хэргийн дугаар авахаар прокурорын газарт дугаарлах шаардлага гардаг байна. Хуульд өөрчлөлт оруулснаар, зөрчлийн хэргийн дугаарыг цахимаар авч, прокурор цахимаар хяналт тавих эрх зүйн боломж бүрдэх юм. Энэ ажиллагааг цахимжуулснаар цаг хугацаа, зардал хэмнэнэ гэдгийг учирлав. Харин шүүхээр шийдвэрлэдэг зөрчлийн хэргийг Эрүүгийн шүүхэд харьяалуулахаар боловсруулж байгааг нэмж тайлбарлав.