Хаан банкны хариуцлагагүй байдлаас болж, зургаан жилийн турш шүүхээр явж байгаа гэх иргэн Д.Ариунцэцэг эсэргүүцлээ илэрхийллээ.
Түүний мэдээлснээр, “Хадгаламжид байсан 78 сая төгрөгийн 90 хувьд нь зээл олгосон юм билээ. Хадгаламж барьцаалсан зээлийн дүрэм журмандаа хадгаламж эзэмшигч өөрөө хэдэн төгрөгийг, ямар хугацаанд олгохоо бичгээр илэрхийлсэн байх ёстой. Тэгэхэд тийм зүйл байхгүй. 78-63 саяыг зээлэнд өгчихсөн байна. Зээл авсан гуравдагч этгээдүүд хадгаламж барьцаалсан зээл авах эрхгүй, утга нь тодорхойгүй нотариатын бичиг үйлдээд намайг зөвшөөрсөн байдлаар, өөрөөр хэлбэл хуурамч бичиг баримт үндэслэн миний мөнгөнөөс зээл маягаар авсан байгаа юм.
Банк гуравхан сарын ашгийн төлөө зээл өгчхөөд, зээл нь төлөгдөхгүй хугацаа нь дуусангуут шууд миний данснаас татан авалт хийсэн гэсэн үг.
Хүний хугацаатай хадгаламжаас зөвшөөрөл авч байж зарлага орлогын гүйлгээ хийх ёстой шүү дээ.
Хаан банкны гаргасан хууль бус үйлдлийг шийдэхээр би зургаан жил хөөцөлдсөн. Дээд шүүхэд банкны буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон. Энэ хохирлыг хүүтэй нь хамт шийдэж өг гэхэд шийдэж өгөхгүй байгаа юм. Энэ асуудлыг үндэслэлгүй гээд эцэслэн шийдвэрлээгүй гэх мэдээлэл өгсөөр өдийг хүрээд байна" гэлээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Хаан банкны гомдол санал авах мэргэжилтэнтэй холбогдсон. Энэ асуулыг хариуцсан албан тушаалтантай холбогдсоны дараа тодруулга өгөх талаар хэллээ. Бид тэдний тайлбарыг эргэн мэдээлэх болно.