эх сурвалж: АSU.MN
Хотоос 700 гаруй километрийн алсаас буюу Дорнод аймгаас хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдтэй уулзлаа. Тус аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дарга болон тэргүүн, төлөөлөгч нар эрх нь хязгаарлагдсан бүсгүйчүүдийг нутгийн үнэр шингэсэн сэтгэлийн бэлэгтэй эргэж ирсэн юм. Мөн эмэгтэйчүүдийн холбооны гишүүнчлэлийн үнэмлэх гардуулан эгнээндээ нэгтгэж буйгаа илэрхийлсэн билээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай анги болох хорих 407-р ангид ангид олон эмэгтэйчүүд ял эдэлж, хүмүүждэг байна. Тэдний цөөхөн тооны эмэгтэйчүүд Дорнод аймгийн харьяалалтай аж.
Хоригдож буй бүсгүйчүүд алс холоос нутгийн "үнэртэй" бэлэг өвөртлөн ирсэн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нарт баярласан сэтгэлээ илэрхийлж, нулимс шингэсэн үгээ гэр бүлийнхэндээ дайж амжив.
Дорнод аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ш.Гангамөрөн: Мэдээж эрх нь хязгаарлагдсан гэдэг бол тийм амар зүйл биш. 2021 оноос эхлэн Монголын эмэгтэйчүүдийн гишүүнчлэлтэй болсон. Түүнийгээ энд хоригдож байгаа эмэгтэйчүүдийг гишүүн болгож эгнээндээ нэгтгэн үнэмлэхээ гардуулсан халуун уулзалт боллоо. Тэд бидэнд өдийг хүртэл дэмжиж ирсэн гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлүүлж байна. Бид эмэгтэйчүүд нэгэндээ хайртай байж нэгийгээ ийм хар зүйл рүү түлхэхгүй байхын төлөө хамтдаа зүтгэе гэж хэлмээр байна. Мөн цаашдаа эрх нь хязгаарлагдсан
Дорнод аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Ж.Болормаа: Уулзалтын үеэр Дорнод аймгийн эмэгтэйчүүд маань маш сайн хүмүүжиж, сайн ажиллаж байгаа нь сэтгэлд их таатай байна. Энд байгаа бүсгүйчүүд хүмүүжээд гараад ирэхэд нь Дорнод аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо ажлын байртай хүлээж байх тал дээр бүх зүйлийг хийх болно гэдгээ хэлж, тэдэндээ урам зориг, хүч, итгэл найдвар өгөөд гараад ирлээ. Эмэгтэйчүүд маань маш их баярлаж байна. Мөн маш их сэтгэлийн хүч боллоо. Бид хорих ангийн журмын дагуу хамаагүй зүйл оруулж болохгүй учраас гоо сайханы зүйл, бага зэрэг ариун цэврийн хэрэглэл, амттан зэргийг гардуулж өгсөн юм.
Дорнод аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч Б.Туяа: Хүний амьдралд янз бүрийн уулзалтууд байдаг. Энэ уулзалт эхэндээ сэтгэл их хөндүүр байлаа. Нутгийн маань эмэгтэйчүүд алдаж оноод байж байгаа нь хэцүүхэн санагдаж байсан. Өнөөдөр 700 км холоос ирсэн сэтгэлийг минь бодож хорих ангийнхан маань сайхан уулзалт зохион байгуулж өглөө.
Энэ уулзалт болох гэж байгааг сонсоод 820 гаран настай Цэдэндамбаагмйн Загдаа, Амарсайханы Цэндсүрэн нарын хоёр сайхан буурай маань сэтгэлийн дэм болгож, бид нараар дамжуулан эрх нь хязгаарлагдсан эмэгтэйчүүдэд тус бүр 10 мянган төгрөгийг өгсөн байгаа. Дорнод аймгийн Сэргэлэн сумын хоёр буурайдаа баярлаж байгаагаа энэ ташрамд уламжилж байна.