Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагийн орой шууд дамжуулалт хийж, өөрийн байршлаа илчлэн оросуудаас"нуугдаагүй, хэнээс ч айхгүй" гэж хэлсний дараа НАТО-гоос мэдэгдэл хийсэн юм.
НАТО-гийн тэргүүн ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд хийсэн цэргийн дайралтаас зугтахыг оролдсон энгийн иргэдийг зориудаар онилсон байж магадгүй гэв. Ингэхдээ Украины Батлан хамгаалахын сайдын “орос цэргүүдийн гарт 38 хүүхэд амиа алдсан” гэсэн мэдэгдэлд үндэслэн ийнхүү дүгнэж байгаа аж.
НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг "Хүмүүнлэгийн коридор байгуулахаар Оростой тохиролцсон зарим бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг оролдох үед энгийн иргэд галд өртөж байгаа бодитой мэдээлэл бий" гэв.
Йенс Столтенберг Латви дахь сэтгүүлчдэд хэлэхдээ, бараг хоёр долоо хоног үргэлжилсэн дайны үед хүмүүнлэгийн коридор хэрэгтэй гэдгийг онцолжээ. “НАТО ямар тусламж үзүүлж чадах вэ гэсэн асуултад ноён Столтенберг "Мөргөлдөөнийг Украины нутаг дэвсгэрээс цааш тархаахгүй байх үүрэгтэй" хэмээн хариулжээ.
Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников дайны улмаас учирсан хохирлын шинэ тооцоог гаргаж, Оросын цэргийн ажиллагааны улмаас 38 хүүхэд амиа алдаж, 70 гаруй хүүхэд шархадсан гэж мэдэгдсэн. Мөн 400 гаруй энгийн иргэн нас барж, 800 хүн шархадсан гэсэн тооцоо гаргасан ч энэ нь яг таг нарийвчилсан тоо биш гэдгийг онцолжээ.
Оросын цохилтод Украины 200 гаруй сургууль, 34 эмнэлэг, 1500 орон сууцны барилга нурсан байна. Оросын цэргүүд Энэтхэг, Хятад, Персийн булан зэрэг гадны орнуудаас ирсэн 10000 орчим гадаадын оюутныг баривчлан, Их Британи, Швейцарийн сэтгүүлчид рүү халдсан тухай тайлбарлав.
Харин Украины арми Оросын 11 мянга гаруй цэргийг устгасан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Sky News