Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт суралцаж, ажиллаж буй эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе. Цахим хөгжил, харилцаа холбооны яам салбарын хүний нөөцийн судалгааг хийсэн байна. Тус хүний нөөцийн судалгаанд салбарын 151 байгууллагын захирал, удирдлага, инженер техникийн 286 ажилтнууд оролцсон байна. Судалгаанд хамрагдагчдын мэдээллийг авч үзвэл 64.2 хувь нь эрэгтэй ажилчид байсан бол 35,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Харин их, дээд сургуульд суралцагчдын мэдээллийг харвал 2020-2021 оны хичээлийн жилд 31,161 оюутан төгссөнөөс харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр 887 оюутан төгсжээ. Үүнээс 72,2 хувь нь эрэгтэй оюутан бол 27,8 хувь нь эмэгтэй оюутан байна.
Харин бакалаврын зэргийг нийт 25,727 оюутан хамгаалснаас 820 оюутан харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын дипломтой төгссөн байна. Үүнээс 591 буюу 70,07 хувь нь эрэгтэй, 229 буюу 29,93 хувь нь эмэгтэй оюутан байна. Магистрын зэргийг 5273 оюутан хамгаалснаас 67 нь мэдээллийн технологийн оюутан байна. Үүнээс 49 нь буюу 73,13 хувь нь эрэгтэй бол 18 нь буюу 26,87 хувь эмэгтэй оюутнууд байна. Олон улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийт ажиллах хүчинд эзлэх хувиас доогуур байна. Тухайлбал 2018 оны байдлаар Канад улсад тус салбарын ажиллагчдын 25 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бол Герман улсад 17.1% байна.
Харин Сингапурт нийт ажиллах хүчинд эмэгтэй ажиллагчдын эзлэх хувь хэмжээ 45 орчим хувь байдаг бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 30%-ийг л эзэлдэг байна (IMDA, 2019). Хятад улсад тус чиглэлээр ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жингийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаггүй байна. Ерөнхийдөө харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллах эмэгтэй мэргэжилтнүүдийн эзлэх хувь хэмжээ нь мэргэжлийн дэд бүлгүүдээс ихээхэн хамаардаг байна. Тухайлбал, программ хангамж хөгжүүлэх, програмчлалын чиглэлээр ажил эрхэлдэг компанид эмэгтэй ажиллагчид хамгийн бага хувийг эзэлдэг бол мэдээллийн технологи, эрүүл мэнд, бизнесийн удирдлага, график, зураглал зэрэг ажил мэргэжлийн хувьд эмэгтэйчүүд харьцангуйгаар их хувийг эзэлдэг байна.
Жишээлбэл, Герман, Канадын график дизайнер, зураглаачдын бараг 50 хувь нь эмэгтэйчүүд, Канадын эрүүл мэндийн мэдээллийн менежментийн менежерүүдийн 89 хувь нь эмэгтэйчүүд байна.