Энэ сарын 6-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Түмэн тэмээний баяр-2022 наадам боллоо. Тэмээ хамгаалах, өсгөх, тэмээний соёлыг олон улсад түгээн сурталчилах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэ наадмын талаар Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж мэдээллээ.
Тэрбээр, “Монголын тэмээний 36 хувь нь Өмнөговь аймагт байна. Мөн сүүлийн 17 жил тэмээгээ өсгөсөн. 2003 оноос хойш 2.4 дахин өсгөжээ. Нийт 167 мянган тэмээ манай аймгийн нутагт байгаа юм. Тэмээний олон төрлийн зайны уралдаан болж байгаа. Тэмээн поло боллоо. Сайхан хос шалгаруулах арга хэмжээ болж байгаа. Үүнд таван аймгийн тэмээчид оролцож байна” гэв.
Харин БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, “Түмэн тэмээний баяр анх 23 жилийн өмнө Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулагдаж байсан. Дараа нь Булган суманд болоод энэ жилээс Даланзадгадад зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний зорилго нь тэмээ хамгаалах, өсгөх, тэмээний соёлыг олон улсад түгээн сурталчилах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байсан. Энэ зорилгодоо амжилттай хүрлээ гэж харж байна. Монголын аялал жуулчлалын салбарт тулгардаг хамгийн чухал асуудал бол улирлын хамаарлыг багасгах. Аль болох жуулчин авдаг улирлыг уртасгах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал байдаг. Үүнд нийцсэн амжилттай явж буй төслийн нэг нь манай тэмээний баяр арга хэмжээ байгаа” гэлээ.
Мөн бид Өмнөговь аймгийн Сэрвэй сумын засаг дарга Б.Батсайханаас мэдээлэл авлаа. Түүний хувьд, “Сэврэй сумын газар нутгийн 83 хувь нь улсын тусгай хамгаалалтад, 17 хувь нь орон нутгийн хамгаалалтад байдаг. Уул уурхай ашиглалтын лиценз байхгүй. Аялал жуулчлал хөгжүүлэх бодлогоо барьж яваа ийм сум байгаа” гэсэн юм.