Энэ сарын 6-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Түмэн тэмээний баяр-2022 наадам боллоо. Тэмээ хамгаалах, өсгөх, тэмээний соёлыг олон улсад түгээн сурталчилах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэхүү наадмын сайхан хос шалгаруулах тэмцээнд оролцож буй тэмээчин хосуудын сэтгэгдлийг хүргэж байна.
МАЛЧИН н.ШИНЭБАТ
Намайг н.Шинэбат гэдэг. Сүүлийн гурван жил наадамд орж байна. Өөрсдөө бодож шинийг сэтгэж тэмээний тоноглолоо оёж томоод хийсэн дээ. Хоёулаа хамтраад л оёсон гэсэн үг. Түрүүний гоёлоо тэр чигээр солиод дахиад энэ уралдаанд бүгдийг нь шинээр сэдээд оруулж ирж байгаа. Миний хоёр тэмээ тормон цагаас эхэлж орсон. 2016 онд геннисийн наадам болоход тормондоо орж байсан. Түүнээс хойш баяр наадамд тасралтгүй орж байна. Тэмээ сайхан амьтан. Уналж эдэлж байхдаа сайхан зөөлөн эдлээрэй гэж хэлье.
МАЛЧИН н.БОЛОРБАТ
Өмнөговь аймгийн Хаан хонгор сумын Өгөөмөр багийн малчин н.Болорбат гэдэг хүн байна. Түмэн тэмээний баяр 2022 наадамд анх удаа Сайхан хосын тэмцээнд оролцож байна. Тэмээний эдлэл хэрэглэлээ өөрсдөө бэлдэж орж байна. Миний эдэлж байгаа тохмыг дандаа гараар ширж оёсон. Ногтыг нь тэмээний ноосоор хийсэн. Бүгд гараар бүтсэн зүйл байгаа. Бараан улаан тэмээ унаж байгаа учраас бусдаасаа ялгарах цагаан өнгийг түлхүү сонгосон.
МАЛЧИН Д.РЭНЦЭНХАНД
Намайг Д.Рэнцэнханд гэдэг. Архангай аймгийн Хашаат сумаас 2017 онд бэр болж ирж байлаа. Тэмээ гэх сайхан амьтан дээр ирээд эхлээд айдаг байсан. Одоо бол дасан зохицож байна. Энэ баярт анх удаа оролцож байна. Сэтгэгдэл их өндөр байна. Жаахан баяртай бас айдастай байна. Хурганы арьсыг янзална, зүүж оёно. Их хугацаа орно шүү дээ. Тэмээ гэдэг амьтныг өсгөж үржүүлж, мал гэдэг амьтныг хайралж л байвал зүгээр дээ гэж хэлье.
МАЛЧИН Г.НАРАНГАРАВ
Намайг Өмнөговь аймгийн малчин Г.Нарангарав гэдэг. Энэ жил хоёр дахь удаагаа оролцож байна. Сая сумандаа оролцоод хоёрдугаар байранд ороод ирсэн. Гоёл чимэглэл улам сайжирсан байна. Бид өөрсдөө гоёл чимэглэл, тоноглолоо хийсэн. Энэ элбэг хүрэм хантааз бусад хэрэглэлүүд байгаа. Үүнийг хормойн боолт гэдэг. Энэ аяганы уут. Дотроо аягатайгаа байгаа. Тэгээд хурган дээл элбэг хүрэм, дотуураа хантаазтай. Үндэснийхээ хувцсаар гоёсон байгаа. Энд ирсэн бүх наадамчиддаа энэ өдрийн мэнд дэвшүүлье. Цаашдаа тэмээгээрээ гоёж үндэсний хувцасаа улам дэлгэрүүлж өмсцгөөе гэж уриалмаар байна.