Хельсинкээс зүүн тийш 120 миллийн зайд орших Финляндын ОХУ-тай хиллэдэг Ваалимаа боомт эх орноосоо дүрвэн гарсан оросуудын гол гарц болоод байна.
Ерөнхийлөгч Владимир Путины Засгийн газар Украины түрэмгийллийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зохицуулахын тулд удахгүй цэргийн дэглэм тогтоож магадгүй гэсэн цуу яриа тасрахгүй байгаа нь эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоог нэмэгдүүлж байгаа аж.
Европ руу хийх нислэг зогссон тул тус улсаас гарах цорын ганц зам нь машин, галт тэргээр Финландаар дамжих болоод байна.
ЕХ-ны визээ ашиглан Баруун руу явах гэж буй орос залуустай BBC-ийн сэтгүүлч ярилцжээ. Залуусын нэг нь "Украинчууд бол бидний гэр бүлийн нэг хэсэг. Бид тэднийг алах ёсгүй. Ийм аймшигтай харгис Засгийн газар байгаа цагт бид буцаж ирэхгүй” гэжээ.
Мөн тэд ихэнх оросууд энэ дайныг хүсэхгүй байгаа ч Путиныг эсэргүүцэхийг оролдвол шоронд орох эрсдэлтэй хэмээн ярьцгаасан байна.
Сүүлийн үеийн санал асуулгаар Финляндчуудын дийлэнх нь улс орон нь НАТО-д элсэж, эвслийн гишүүнчлэлийн авчрах хамгаалалтыг авах цаг болсон гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Хельсинк рүү буцаж ирэхэд Санкт-Петербургээс ирсэн галт тэрэг Оросоос дүрвэхийг тэсэн ядан хүлээж буй олон зуун хүнийг тээвэрлэхдээ бэлдэж, галт тэрэгнүүд бүрэн захиалгатай, тасалбарын үнэ өссөн байжээ.
Истанбулыг зорин яваа Оросоос гарсан өөр нэг эмэгтэй CNN –ийн сэтгүүлчтэй утсаар ярихдаа "ЗХУ-ын үед байсан шигээ амьдралд эргэн ирэхээс айж байна" гэжээ. Тэрээр "Би 30 настай, социализмын үед байсан шиг хэлмэгдүүлэлт, нууц цагдаа гэсэн аймшигтай зүйлстэй нүүр тулах вий гэдгээс айж байна. Хэрвээ би яг одоо нисэхгүй бол хэзээ ч нисэж чадахгүй байх вий гэсэн айдастай байна. Нэг талаар өөрийгөө, ирээдүйгээ бодон гарч байгаа ч нөгөө талд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хэзээ уулзахаа мэдэхгүй, хэзээ ч уулзаж чадахгүй байх вий гэсэн бодол ч давхар төрж байна” гэж тэр эмэгтэй хэлжээ.
Хэрэв ОХУ-д дайны тухай хууль хэрэгжиж эхэлбэл ерөнхийлөгч Путин гудамжинд болсон эсэргүүцлийн жагсаалыг хүчээр зогсоох, эсэргүүцэгчдээс санаа зовохгүйгээр хүссэн зүйлээ хийх боломжтой болно. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд Украиныг бүхэлд нь эзлэх хүртлээ зогсохгүй гэдгээ аль хэдийн мэдэгдсэн бөгөөд тэдний утасны яриаг сонссон Францын албаны хүн үүний дараа байдал улам дордож магадгүй гэж мэдэгдсэн нь бий.
Оросын хот, хотуудад Украин дахь дайралтаас үүдэн бий болж буй бэрхшээлийг хүсэхгүй байгаа оросууд эх орноосоо гарч, амьжиргаагаа залгуулах гэж улайран зүтгэж байгаад гайхах зүйл үгүй. Нэмээд цөмийн зэвсгээр айлгаж буй ерөнхийлөгч Путины шийдвэр иргэдийг нь төдийгүй дэлхий нийтийг айдаст автуулж байгаа билээ.
Эх сурвалж: BBC news