Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 3-4-ний өдрүүдэд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхүүдийн захиалгын дагуу хүсэлт ирүүлсэн шүүгчдийг сэлгэн ажиллуулах эсэх талаар хэлэлцээд зургаан шүүгчийг 2022 оны 03 дугаар сарын 07-ноос сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдавааг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хоёр жилийн хугацаагаар;
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймааг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөх хүртэл хугацаагаар;
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандахыг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хуульд заасан хугацааны дотор сул орон тоог нөхөх хүртэл хугацаагаар;
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдоржийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн чөлөөний хугацаанд;
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд;
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмааг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн чөлөөтэй байх хугацаагаар;
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяаг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх, эсхүл орон тоог нөхөх хүртэл хугацаагаар тус тус сэлгэн ажиллуулахаар болов.
Товчоор:
Нэр бүхий шүүхийн захиргааны болон ахмад ажилтнуудыг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
Шүүхэд албан хэрэг хөтлөх журмыг баталлаа.
Эрүүгийн, захиргааны, иргэний хэргийн хөдөлгөөний аргачлал загварыг тус тус батлав.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл хэвлэл мэдээллийн хэлтэс