“Альтернатив” Х.Отгоо нэрээр олны сэтгэл зүрхэнд хоногшсон дуучин Х.Отгончимэг манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцлоо. Түүний хувьд хүүхдүүдээ харж урлагаас хөндийрсөн хугацаандаа сэтгэл гутралд орж байсан ч дуртай зүйлээ хийхэд цаг хугацааны хувьд хожимддоггүй талаар болон урлагт орох үндэс суурийг нь түүний өөд болсон өвөө нь тавьж өгсөн талаараа ярилаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу дуучин Х.Отгончимэг байна. Одоогоор нөхөр, дөрвөн хүүхдийн хамт аж төрөн сууж байна даа.
-Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
Сүүлийн үед ээжийнхээ ажлыг хийхээс гадна уран бүтээлийнхээ ажлыг хийгээд “Ганцхан үг” гэдэг нэртэй сингл пянз гаргасан. Хүүхдээ хоёр, гурван нас хүртэл өөрөө өсгөж, ойрхон байсан нь дээр гэж боддог. Гэхдээ дараа нь яг юу хийх вэ гээд л яг дотроос минь асаад байдаг. Дуу бол надад маш их хэрэгтэй. Надад гоё энерги өгдөг. Бас миний амьдралын турш байх салшгүй нэг хэсэг гэдгийг л энэ хүүхдээ харж байх хугацаандаа илүү мэдэрлээ.
-Дуу ер нь хүмүүсийг их тайвшуулдаг шүү дээ. Таны хувьд өөрөө дуучин хүн. Тэгэхээр дуу бүхий л цаг үед тань хамт байдаг байх?
Сэтгэл хямарсан үед, ер нь гунигтай үед дуу л намайг сайн эмчилдэг юм шиг санагддаг.
-Анх хэрхэн дуучны гараагаа эхэлж байсан бэ? Та өөрийнхөө дурсамжаас хуваалцвал?
Би UBS-н 66,6 гээд “Хар шил” гэдэг нэртэй Бадрал гээд сэтгүүлч ахын нэвтрүүлэгт орж байсан. Тухайн үед нас ч залуу, их зоригтой байж дээ. Юу ч бодож орж байсан юм. Ногоон гитартай, халимаг үстэй The Cranberries-г дуурайж байна гээд л. Үстэй шуба өмсчихсөн, даараад л, анхныхаа дууг тэр нэвтрүүлэгт ороод бичүүлж байлаа. Тухайн үед юу ярьж байсан юм бүү мэд. Гэхдээ би "Альтернатив" дуучин болно гэж л ярьдаг байсан. Тухайн үед сонсогчид маш бага. Тиймээс тэр замаар явах үнэхээр хэцүү санагдаж байсан.
-Ер нь хэв маягаасаа болоод бусдад буруугаар ойлгогдож байсан тохиолдол бий юу?
Хүнийг гадаад үзэмжээс нь дүгнэнэ гэдэг өрөөсгөл ойлголт. Миний стиль, урсгал, жанр ихэвчлэн эрэгтэй хүмүүс хамт ажилладаг. Хөгжимчидтэй заавал харьцдаг. Магадгүй энэ охин их асуудалтай байх магадлалтай. Танихгүй хүмүүс намайг хараад, нүдээ хараар будсанаас болоод ч юм уу тэгж дүгнэх дүгнэлтүүд байдаг байсан байж магадгүй.
Irish pub, Их Монголд дуулдаг байлаа. Баранд дуулдаг байсан үед хүмүүст барны дуучин шиг мэдрэмж төрөхөөр. Тухайн үед хүмүүс тийм байсан, тиймэрхүү үнэлэмжтэй ч юм уу. Гэтэл надад уран бүтээлдээ анхаарах боломж гарч ирсэн. Би өөрөө шинэ альбом гаргаж, CD гаргаж явах ёстой юм байна гэдэг дээрээ анхаарсан.
Гоё тоглолтод орох боломжууд нь бас нээгдсэн. Залуу байх үед энэ чинь рок дуулдаг юм чинь, бараг хүүхэдтэй болох юм уу, үгүй юу гэж зарим нь боддог байсан гэж дараа нь хэлж байсан. Зарим сэтгэгдэл дээр “эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч гэж дуулдаг байсан байж одоо нөхөрт гарчихдаг гэнэ” гээд л ганц нэг сэтгэгдэл уншиж байсан. Сүүлдээ тоохоо больчихдог юм байна.
-Ерөнхийдөө дуугаараа ямар мэдрэмж, санаа илэрхийлэхийг зорьдог байсан бэ?
Рок дуулж байна гээд орилж дуулахаасаа илүү эмэгтэй хүний дотоод мэдрэмжийг харуулсан дуунууд л гаргахыг бодож байсан юм болов уу гэж одоо бодож байна.
АМЬДРАЛД ИРСЭН САЙХАН ХҮМҮҮС БОЛ БЭЛЭГ, ТААГҮЙ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛСЭН БОЛ СУРГАМЖ ГЭЖ БОДДОГ
-Хүний амьдралд сэтгэлээр унах үе цөөнгүй бий. Үүнийгээ хэрхэн давж гарах нь чухал. Таны хувьд сэтгэл хямарсан үед хэрхэн даван туулж байсан бэ?
Манай хоёр том хүүхэд хоёулаа ойрхон насных. Том хүүхдийнхээ нэг насны төрсөн өдөр нь болж байхад би жирэмсэн байсан. Тэр үед их сэтгэлээр унасан. Яанаа би одоо ингээд насаараа дуучин болно гэж мөрөөдчихөөд, хоёр хүүхэдтэй болоод ажлаа хийх боломжгүй болчих юм болов уу гээд л. Хүүхдүүдээ харах мэдээж аз жаргалтай байлгүй яах вэ. Гэхдээ би нийгэмшиж чадахгүй байгаа юм шиг санагдана. Заримдаа улам дотогшоо болоод, хэнтэй ч уулзмааргүй санагдах үе байна. Эсвэл уулзхаараа хамаг сэтгэлээ дэлгээд л ярьчихдаг. Тэрийг маань зарим хүмүүс бага зэрэг буруугаар ойлгох үе ч байна. Хамгийн гол нь зөв давж гарсан зүйл маань юу вэ гэвэл дуртай зүйлээ хийгээд л, үүндээ чин сэтгэлээ зориулсан нь юм болов уу гэж бодож байна.
-Дуулах авъяасаа хэрхэн хөгжүүлсэн бэ?
Манай өвөө шугамын радио чихэндээ бариад сонсдог байсан. Байнга надтай хамт уртын дуу дуулдаг. Их гоё үлгэрүүд бид нарт ярьж өгдөг байлаа. Тухайн үед манай ээж аав хоёрын нэг гоё зүйл нь орос гитарыг эвдэрлээ л бол эсвэл манай хамаатнууд аваад явахад дахиад шинээр аваад ирчихдэг байсан. Манай гэрт гитар бэлэн байнга л байж байдаг. Түүнийг л би анх тоглож сурч байсан даа.
-Та хэнд хамгийн их талархдаг вэ?
Бага байхад аав минь өнгөрсөн учраас ээж маань 40 гаран наснаасаа биднийг өөрөө өсгөсөн. Манай аав намайг дөрөв бил үү, тавдугаар ангид байхад өнгөрсөн. Аавыгаа саналгүй яах вэ. Арай олон жил хамт амьдардаг байж дээ гэж бодно.
Амьдралд ирсэн сайн хүмүүс бол бэлэг. Эвгүй дурсамж үлдээсэн эсвэл онцгүй мэдрэмж төрүүлсэн хүмүүс бол миний хувьд амьдралд ирэх ёстой сургамж юм болов уу гэж боддог.
БАГЫН НАЙЗУУДТАЙГАА НЭГ Ч УДАА МУУДАЛЦАЖ ҮЗЭЭГҮЙ
-Хэр нийтэч хүн бэ?
Би ер нь бага байхын л их гоё найзуудтай хүн. Одоо хүртэл багын найзуудтайгаа найзалдаг. Надад ямар нэгэн асуудал болоход бүх зүйлд намайг маш сайн ойлгодог. Ерөөсөө бид нэг ч удаа муудалцаж үзээгүй гээд боддоо. Найман настайгаасаа хойш найзалсан манай дотны нэг найз маань битгий орцонд дуулаад бай гээд. Миний маш их хайртай найз. Тэгэх юм бол чи хүмүүжилгүй, буруу хүүхэд болчихвол яах юм гээд л намайг хөтөлж авч яваад л энэ бүхнийг бодохоор үнэхээр аз жаргалтай.
-Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
Юу ч бодохгүй. өөрийнхөө хийх зүйлийг хийгээд л хажууд байгаа хүмүүсээ өрсөлдөгч гэж бодохгүйгээр амьдрах юм бол би өөртөө кайфтай амьдарч чадна.
-Та хэр төлөвлөдөг вэ?
Ерөнхийдөө би төлөвлөгөөг бага багаар гаргадаг. Надад бага багаар зохиогоод төлөвлөгөөгөө түүндээ хүрчхээр их гоё санагддаг.
-Удахгүй тоглолтоо хийх гэж байгаа шүү дээ? Нэлээн удаан хугацааны дараа тайзан дээр гарч байна. Энэ талаараа сонирхуулбал?
Гуравдугаар сарын 7-нд тоглолтоо хийнэ. Тоглолтоо хамгийн гол нь хариуцлагатайгаар, өөрөөс гарах юу байна бүх энергиэ тэнд ирсэн хүмүүстэй солилцоод, зүрх зүрхээрээ хамт нийлж тэр өдрийг өнгөрөөх юмсан даа гэж бодож байна. Нүдэнд бол аль хэдийнээ төсөөлөгдөөд эхэлчихсэн. Бэлтгэл хийж байхад дуулахдаа өмсөх хувцсаа хүртэл бодоод, төсөөлчихсөн байгаа.
-Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?
Магадгүй миний гуравдугаар сарын 7-ны тоглолт дууссаны дараа надад бас юу бодогдохыг би өөрөө мэдэхгүй байна. Ямартай ч дараагийн нэг төлөвлөгөөндөө л орох байх даа.
-Ярилцсанд баярлалаа.