Аав нь Киевт үлдсэн хүү DW –ийн сурвалжилгын багийнхантай таарч, тэдний машинд дайгджээ. Бяцхан хүү сурвалжилгын багийн машинд явахдаа аавынхаа тухай ярьсан зүйлс нь олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн юм.
Марк Гончарук "Аавыгаа бид Киевт үлдээсэн. Аав гэрийнхээ эд зүйлсийг зараад биднийг хамгаалж байгаа баатрууд, цэргүүдэд тусална гэсэн. Өөрөө ч тулалдах байх. Бид нар нааш гурван цаг алхсан байх, тэгээд та нартай таарч аврагдлаа. Би 2-3 өдөр явж байж хүрнэ гэж бодож байлаа. Та нартай таарах хүртлээ өдөржингөө алхаад л алхаад л байх нь гэж л бодсон" гэжээ.
Марк Гончарук хүү Украинаас гарах хурдны зам дагуу дайнаас дүрвэн алхаж яваа олон зуун мянган хүний нэг. Сэтгэл нь хөдлөн, нулимс дуслуулан ярих хүү Оросын түрэмгийллийн улмаас гэр бүлээсээ салсан хэдэн зуун мянган Украин хүүхдүүдийн айдас, уй гашууг илтгэх аж.
Сэтгүүлчид хүүг найм орчим настай байх гэж таамагласан байна. Марк Гончарук хүү гэрийнхэнтэйгээ хамт байгаа эсэх нь тодорхойгүй байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Орос улс тус улс руу дайрснаас хойш 500,000 гаруй хүн Украиныг орхин дүрвэжээ.
Хамгийн сүүлийн үеийн тоогоор Польшид 281000, Унгарт 84500 гаруй, Молдав улсад 36400 орчим, харин Румынд 32500 гаруй, Словак улсад 30000 орчим Украинчууд нэвтэрсэн гэж НҮБ-ын дүрвэгсдийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Шабиа Мантоо мэдэгдлээ. Украиныг баруун хилийн зурвасаар орхин гарах гэж буй тээврийн хэрэгслүүд 25 миль буюу 40 гаран км урт дараалал үүсгэжээ.
Баруун хилээс гадагш гарах галт тэрэгний зам байхгүй учир автомашингүй олон мянган Украин дүрвэгсэд явган яваа юм.
Явганаар ирсэн Украины дүрвэгсдийг Польшийн хилийн ажилчид автобусанд суулгаж авч явдаг бол зарим нь сайн дураараа туслахаар ирсэн польш иргэдийн унаанд суун хоргодох байранд хүргэгдэж байгаа аж.
Польшд ирсэн Украинчуудын ихэнх нь зочид буудал, орон сууц, Польшийн бусад хэсэгт амьдардаг хамаатан садныдаа очиж байгаа аж. Нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн ТББ-ын ажилтны ярьснаар амралтын өдрүүдээр дүрвэгсдийн тоо нэмэгдсэн байна.
Эх сурвалж: DW Twitter page; The Independent