Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр бусад руу галт зэвсэг ашиглаж, халдсан этгээдийн хэргийн талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, Баянгол дүүргийн долдугаар хороонд байрлах баарны гадна гуравдугаар сарын 1-нд 32, 26 настай залуус хийн буу ашиглаж, нэгнээ айлган сүрдүүлж, танхайрч байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дуудлага мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс дуудлага мэдээллийг шалган, 32 настай эрэгтэй Э, 26 настай эрэгтэй Э нар хийн гар буу ашиглан бусдыг айлган сүрдүүлсэн хэргийг шуурхай эрэн сурвалжилж, СХД-н нутаг дэвсгэр дээрээс баривчилжээ.
32 настай этгээдийн хувьд урьд өмнө нь дээрэмдэх, хүчиндэх, хүн алах гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсан. Өнгөрсөн оны есдүгээр сард хорих газраас суллагдсан. 26 настай этгээдийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан байна.
Хийн буу ашигласан хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа гэв.
Хуульд зааснаар хийн гар буу бол галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд хамаардаг. Одоогоор тус бууг эд мөрийн баримтаар хураан авсан хийн бууны хувьд бүртгэлгүй. Тэгэхээр хаанаас, ямар шалтгаанаар авсан болохыг тогтооно гэдгийг албаныхан мэдээлэв.
Улсын хэмжээнд галт зэвсэг ашиглаж үйлдэгдсэн хэрэг 2020 онд 40, 2021 онд 34 бүртгэгдсэн байна. Харин энэ онд 9 бүртгэгджээ. Дээрэмдэх гэмт хэрэг өнгөрсөн онд галт зэвсэг ашиглаж дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдээгүй. Энэ онд нэг бүртгэгдсэн гэсэн статистик тоон мэдээлэл байна.