Нийслэлийн Засаг дарга Д. Сумъяабазар өнөөдөр түгжрэл, автобус, улаанбаатар хотын дэд бүтэц, шинэчлэлтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Түгжрэл гээд яриад л байдаг. Ярилаа гээд түгжрэл буурахгүй шууд хэлье. Үүнийг цогц төлөвлөлтөөр хийнэ. Би маш олон удаа хэлж байгаа шүү дээ. Буруу хүрдтэй машиныг хориглохоор л түгжрэл байхгүй болчих юм шиг яриад байгаа. Энэ хүрээлэн байгаа орчны асуудал, Улаанбаатар хотын төлөвлөлтийн асуудал байна. Улаанбаатар хотын төлөвлөлтөө бид иргэндээ ээлгүй гэж хэчнээн олон жил ярьж, хэлүүлж байна. Явган зам ньметр 50-ын хэмжээнээс хэтрэхгүй богино байна, стандарт хангахгүй байна гэх мэт. Ерөөсөө манай хот стандартгүй явж ирсэн. Импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслүүд буруу хүрдтэй, хуучин, долоогоос дээш жилийн насжилттай, хэмхэрчихсэн, үерт автчихсан, эсвэл далайн шуурганд автчихсан ямбий машинуудыг оруулж ирээд Вьетнам засварын газар засаад иргэдэд талх шиг зараад байгааг болиулмаар байна. Манай Улаанбаатар хот бол хуучин машины оршуулгын газар биш. Энэ болгоныг бид нэг нэгээр нь сугалах биш системтэйгээр явуулъя гээд ажлаад, зүтгээд байж байгаа.
Бид 97 стандарт эхний ээлжид гаргасан. Үүний 42 стандартыг Нийслэлийн иргэдийн хурлын чуулганаар оруулах гэж байгаа. Яг энэ эрчээрээ явах юм бол 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын тулгамдсан, хуримтлагдсан 30 жилийн асуудлыг л шийдвэл шийднэ. Тэгэхээр нэлээн их хүч орно шүү. Жишээ нь Улаанбаатар хотын нэн тэргүүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын жагсаалтуудыг гаргасан. 9,7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Манай Улаанбаатар хотын дэд бүтэц, инженерийн байгууламжийн 86 хувь нь хуучирчихсан. 30-аас дээш жилийн насжилттай. Ийм хотод л хэдүүлээ амьдарч байгаа. Яг бодит үнэнийг бас хэлэх ёстой.
Эхний ээлжид 60 автобус тэгээд 200, 300, 500 гэдэг үе шатаар авахаар бэлдэж байгаа. Тийм учраас шинэчлэх өөрчлөх, засах маш их ажлууд хүлээж байгаа. Тэгэхээр энэ чинь үе шаттайгаар хэрэгжинэ. Зөндөө шүүмжлэлүүд гарна. Буруу зөрүү зүйлүүд гарна. Үүнийгээ сайжруулаад урагшлаад засаж, янзлаад шуурхай ажиллах л ёстой. Гол нь тэр бүтээн байгуулалт үр дүнтэй байх ёстой" гэж хэллээ.