Манай улсын агаарын орон зай дахь навигацийн үйлчилгээний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасангаас сэтгүүлчид тодрууллаа.
Коронавируст цар тахлын тархалт даамжирч байсан үед Монгол Улсын агаарын орон зайд хоногт дунджаар 150 орчим онгоц дамжин өнгөрдөг байжээ. Харин нөхцөл байдал харьцангуй намжиж, улс орнуудын нислэг сэргэж эхэлснээр өнгөрсөн долоо хоногт гэхэд дундаж үзүүлэлт 200 орчим болж нэмэгдээд байсныг тэрбээр мэдээлсэн юм.
Гэвч сүүлийн гурав хоногт дээрх тоо 50 орчим хувиар буурч манай улсаар дамжин өнгөрөх нислэг 110-120 болжээ. Ийнхүү буурсан шалтгаан нь улс орнууд агаарын орон зайдаа хязгаарлалт хийж буйтай холбоотой юм байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан "Орлого 78 хувиар буурах эрсдэл бий. Монгол Улс хоёр их гүрний дунд оршиж байгаа, агаарын орон зай нь нээлттэй байгаа орон. Агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэж байгаа тохиолдолд бид аюулгүй байдлыг нь хангаж, Монгол Улсын агаарын зайд навигацийн үйлчилгээ үзүүлнэ.
ИНЕГ-аас 2022 оны улсын төсөвт навигацийн орлого 150 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх учиртай. Хэдийгээр КОВИД-19-ийн нөхцөл байдал хүнд хэвээр, дамжин өнгөрөх нислэгийн тоо 50 орчим хувиар буурсан байгаа ч агаарын орон зайн багтаамж, урсгалыг нэмэгдүүлэх, агаарын тээврийн компаниудтай хамтын ажиллагаагаа сайжруулснаар орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна" гэлээ.