Шүүдэр продакшн, VOO-ын хамтын бүтээл "Хотулун гүнж" түүхэн тулаант УСК өчигдрөөс VOO cimena-аар гарч эхэллээ.
"Хотулун гүнж" кино нь 72 дахь Berlinale фестивалийн кино захад амжилттай оролцож, олон дистрибьютерээс санал авсан юм. Berlinale нь дэлхийн А зэрэглэлийн хамгийн том гурван кино наадмын нэг бөгөөд энэ удаа дэлхийн 50 гаруй орны худалдаанд 566 кино оролцсоны дотор “Хотулун гүнж” ганц монгол кино байсан юм.
"Хотулун гүнж" Berlinale-ын кино захад 2.11-нд online-аар нээлтээ хийж, кино худалдааны ангилалд гурван удаа үзүүлж, дэлхийн гурван том кино наадмын нэг Венецийн фестивалиас урилга авчээ. Берлинд "Хотулун гүнж" киноны төлөөлөгчөөр Монголын соёлын элч, мисс О.Оюунтуяа ажиллаж байгаа юм.
Тулаант төрлийн энэхүү кинонд Булганы дархан цаазат Хөгнө хан хайрхан, Өвөрхангайн Элсэн тасархай, Хунгийн нуур, Хэнтийн Баян-Адарга, монгол гранд каньон гэгддэг Дундговийн Цагаан суварга, Төв аймгийн Эрдэнэ сумын үзэсгэлэнт газрууд орсон нь гадаадынханд Монголын байгалийн үзэсгэлэнг толилуулсан сурталчилгаа болж буй ажээ. Мөн “Хотулун гүнж” киноны зураачийн ажил, хувцас хэрэглэлийг гадаадын киноныхон ихэд үнэлж байгаа бөгөөд, Берлиналийн гурван удаагийн үзлэгт нь фонтастик ба түүхэн төрлийн киноны олон улсын 10 гаруй фестивалийн төлөөлөгчид оролцсоныг тайланд нь дурдсан байна.
Ийнхүү Марко Пологийн тэмдэглэл, Судрын чуулганд тэмдэглэгдэж, Турандот дуурийн гол дүрд мөнхөрсөн, Чингис хааны 5 дахь үеийн гүнжийн тухай монгол кино олон улсын үзэгчдийн хүртээл болсоор. Олон улсын зах зээлд амжилттай нэвтэрч буй энэхүү бүтээлийг уншигч та VOO-ээс үзээрэй.
Ташрамд дурдахад, Шүүдэр продакшны өмнөх бүтээл “Ану хатан” УСК нь Warrior Princess нэрээр Lion’s Gate –д зарагдан олон улсад хөл тавьж байсан юм.