Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв /ЭНЭҮТ/-д хэвтэн эмчлүүлсэн иргэд манай сайтад хандан гомдол мэдээлэл өглөө. Тэдний өгч буй мэдээллээр, тухайн эмнэлгийн хоолны чанар муу, хэмжээ бага. Улмаар жирэмсэн, ковидтой ээжүүд хоолондоо цаддаггүй байна. Хүчтэй эм тариа хийлгэж буй хүмүүс сайн чанарын хоол хүнс идэх хэрэгтэй байтал, энэхүү яармагийн төрөх эмнэлэг өглөөний цайндаа нэг аяга хар цай, хольцгүй талх өгөх үе ч байдаг гэлээ.
Бид энэ асуудлаар, ЭНЭҮТ-ийн стратеги төлөвлөлт хариуцсан дэд ЗАХИРАЛ Ц.Тулгаас тайлбар авлаа.
Тэрбээр, “Ковидын оргил үед 1400 хүн авч хэвтэж эмчлүүлж байсан. Үүнээс 500-600 нь хэвтэн эмчлүүлдэг жирэмсэн эмэгтэйчүүд байдаг. Жирэмсэн ковидтой эмэгтэйг Улаанбаатарт ганцхан манай эмнэлэг л авч байгаа шүү дээ. Жирэмсэн эмэгтэйчүүд янз бүрийн сэтгэл санааны эмоци үзүүлдэг. Гомдол гаргасан нь үүнтэй холбоотой байж болно.
Манай эмнэлгийн тухайд таван удаа хоол өгдөг. Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа л ингэж өгсөөр байгаа. Энд хэвтэж байгаа хүмүүсийг өлсгөсөн гэх асуудал байхгүй” гэлээ.
Харин эмнэлгийн тогооч нар бүх хоолоо стандартын дагуу хийдэг. Хэвтэн эмчлүүлэгчдээс өлсөж байна, бага хоол өгч байна гэх зэрэг гомдол гаргаж байгаагүй гэсэн мэдээлэл өглөө.
Иргэний гомдол, эмнэлгийн үйл ажиллагаа тайлбар зэрэг нь зөрүүтэй байсан учраас бид хэвтэн эмчлүүлэгчдээс хоолондоо цаддаг, сэтгэл хангалуун байдаг эсэхийг тодруулахад, эргэлт аваагүй үед хэцүү, дан эмнэлгийн хоолоор байна гэдэг худлаа. Шим тэжээл болж чадахгүй гэж ярьж байлаа.
Мөн гомдол гаргасан иргэн Б-тэй холбогдож эмнэлгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан юм.
Тэрбээр, “2022 оны 01 сарын дундуур ковидоор өвчилсөн. 7 сартай жирэмсэн байсан учраас ЭНЭҮТ-д хэвтэж эмчлүүлсэн. Гаднаас хоол оруулахгүй, эргэлт долоо хоногт гуравхан удаа ордог. Нэг, гурав, тав дахь өдрүүдэд.
Бид нэгдүгээрт жирэмсэн. Хоёрдугаарт хүчтэй тариа хийлгэж байгаа хүмүүс энергиэ нөхөх хэмжээний хоол хүнс идэх ёстой шүү дээ. Гэтэл тухайн өдөр бидэнд оройн хоол өгөөгүй. Хярамтай будаа өгөөд, маргааш 08:30-аас хар цай хоосон талхтай өгсөн. Өдрийн 13:30-д нэг мантуун бууз тал аяга шөл өгч байгаа юм. Ийм хүнсээр ковидтой жирэмсэн эхчүүдийг энэ эмнэлэг байлгадаг. Эмнэлгийн хоолондоо цадахгүй. Хар хөлс цувах үе бий.
/Эмнэлгийн өдрийн хоолны зураг/
Миний хувьд эрүүл мэндийн сайд С.Энхболд руу утсаар болон viber-аар гомдол гаргасан. Зураг нь надад байж байна. Эмнэлгийн даргад ч мөн утсаар гомдол хэлсэн.
Ингэхэд удирдлагын зүгээс, “Өө тийм гэнэ ээ. Хоол тарааж байгаа хүмүүс та нарт жаахан хоол өгөөд байгаа юм байлгүй” гэж хэлсэн.
Ингээд гомдлын хариуд, тэр гомдол гаргасан өдөрт манай өрөөнийхөнд тусад нь тусгай хоол оруулж өгсөн. Мөн тэр өдрийнхөө 15:30 цагт мах ихтэй халуун гурилтай шөл манай тасгийнханд өгсөн.
/Гомдол гаргасны дараа хоол өгч байгаа байдал/
Хэзээ ч тийм хоол өгдөггүй байснаа зөвхөн гомдол гаргасан өдөр л өгч байгаа нь тэр. Мөн гомдлыг хүлээж авсан, цаашдаа хоолны цэсээ шинэчилж өдөрт гурван хоол цай биш таван хоол цай өгдөг болж, хоол цай өгдөг цагийн давтамжаа ойртуулна гэж хэлсэн. Бид тухайн үедээ маш ядарч өлсөж байсан ч гомдол хүлээж аваад хоол оруулж өгсөнд баярласан.
/Гомдол гаргасан өрөөнийхөнд тусгай хоол оруулж өгсөн нь/
Гэхдээ нэг удаадаа гал унтраах гэж хоол оруулж өгөх биш байнгын л чанартай хоол хүнстэй байх ёстой шүү дээ. Эмнэлгийн хоолны мөнгийг хангалттай өгдөг гэж ЭМЯ хэлсэн. Эмнэлгийн дарга нягтлангууд нь хоолны мөнгө дундаас нь идчихдэггүй л юм бол, үйлчлүүлэгч өвчтөнүүд хоолондоо цадах хэмжээний төсөвтэй л юм билээ" гэсэн юм.
Үүгээр зогсохгүй цахим сүлжээнд энэ эмнэлэгт хэвтэж байсан иргэд гомдол саналаа илэрхийлсэн байна.