Энх тайвныг уриалсан "No War" жагсаал өнөөдөр Төв талбайд боллоо. "No War" жагсаалыг зохион байгуулагч ярихдаа, "Бид өнөөдөр дайныг эсэргүүцэж жагсаж байгаа. 1990 оноос хойш Монголд ингэж жагссан жагсаал, хөдөлгөөн байхгүй. Дандаа нэг нам, нэг эрх ашигтай байдаг байсан. Би ийм юм ярихгүй гэж байсан ч өнөөдөр хүмүүс ирээд харлуулах гэж байна. Энх тайван, энх тайван хэзээ ч дайныг дэмжихгүй. Би Украины ерөнхийлөгчийг ч мэдэхгүй В.Путиныг сонирхох ч үгүй байна. Гэхдээ дэлхийд энх тайван байх ёстой. Өнөөдөр Украинд гэрийн цонх руу пуужин харваж байна. Гэрийнх нь гадаа бөмбөг дэлбэлж байна. Энэ магадгүй дэлхийн дараагийн аюул байх. Цөмийн зэвсэг ч яригдаж байна. Засгийн газрыг хараал идэг. Бид зүгээр Монголд энх тайвныг эрхэмлэдэг залуучууд байдаг юм шүү гэдгийг л хэлэх гэж ирсэн" гэж хэллээ.
Мөн Украин улсын иргэн "Би эхнэртэйгээ зугаалж байгаад цуглаан болж байгааг хараад энд ирсэн. Украин хүн. Монголд удаан ажиллаж байгаа. Би энд гэр бүл, хүүхдүүдтэйгээ амьдардаг. Энэ нөхцөл байдалд санаа зовж байна. Одоо В.Путин ганц Украиныг заналхийлж дайрч байгаа юм биш цөмийн зэвсгээ бэлдэж байна гэж яриад байна. Хүн төрөлхтөнд аюул учруулж байна. Украины зүгээс хэлэхэд гоё сонсогдож магадгүй. Гэхдээ Украин улс зөвхөн өөрийнхөө улс орны төлөө биш дэлхийн аюулгүйн төлөө тэмцэж байна. Яагаад гэвэл цөмийн зэвсгийг хэрэглэх юм бол хүн төрөлхтөн бүгд тэр чигээрээ хохирно. Тийм учраас Украинчууд дан ганц өөрийнхөө улсын төлөө биш бүх хүн төрөлхтний төлөө тэмцэж байгаа гэж ойлгож байна" гэв.