“МЭК” ХХК судалгааны байгууллага өргөн хэрэглээний барааны үнийн дүнд судалгаа хийсэн байна. Судалгааг өнгөрсөн оны 4-р сарын 9 болон 2022 оны 3-р сарын 1-ны үнийн дүнг харьцуулж, мөн 2-р сарын 6 болон 3-р сарын 1-ны үнийн дүнг судалж хийжээ.
Хүнсний үнийн багцын судалгааг дөрвөн ам бүлтэй өрхийн нэг өдрийн хүнсний хэрэглээнд тулгуурлан судлахад 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ыг 2022 оны гуравдугаар сарын 1-ны барааны үнэтэй харьцуулахад цагаан будаа, хиам, сонгины үнэ 30-50 хувиар нэмэгджээ. Харин хүнсний багцын үнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр сартай харьцуулахад 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд хийсэн хүнсний багцийн үнийн судалгаанаас харахад нэг сарын дотор наран цэцгийн тос 1859 төгрөгөөр буюу 50 хувь нэмэгджээ. Харин өндөгний үнэ 17 хувиар буурч, хүнсний багцын үнэ өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад 0,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Уг судалгааг хийхдээ “Номин” сүлжээ дэлгүүрээс нэг өрхийн өдөрт гурван удаа хооллох өдрийн хүнсийг цуглуулжээ.
Эх сурвалж: МЭК Судалгааны байгууллага