Украины түрэмгийллийн дараа ФИФА ОХУ-д удахгүй болох тоглолтуудынхаа байршлыг өөрчилж, Оросын хөл бөмбөгийн холбооны нэрийн дор гэхдээ төвийг сахисан газар нутагт тоглолтоо дуусгахыг уриалав. Мөн Англи, Уэльс, Польш, Чех, Швед зэрэг хэд хэдэн улс Оростой тоглохоос татгалзаж буйгаа мэдэгдлээ.
Хөл бөмбөгийн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний плей-оффын тоглолтод Орос улс Польштой тоглохоос өмнө Чех, Шведийн багтай тоглоно. Уг тоглолт энэ гуравдугаар сард болох юм.
Польшийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Сезари Кулесза ФИФА-гийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу бүр ОХУ-тай тоглохгүй гэж мэдэгдсэн бол Шведийн хөл бөмбөгийн холбоо, Чехийн хөл бөмбөгийн холбоо ч мөн адил ОХУ-тай тоглохгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлэв.
Шведийн Холбооны ерөнхийлөгч Карл-Эрик Нильсон Фотболлсканалентай уулзахдаа ФИФА-гийн шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаагаа дурдаад “Бидний бодол өнөөдөр өөрчлөгдөх нь гол биш. ФИФА-аас мессеж хүлээн авснаар Украинд нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тул өнөөдөр бидэнд өөр санал болгох зүйл алга. Бид Польш, Чехийн хөл бөмбөгийн холбоодтой ярилцах хүсэлтэй байна” гэжээ. Түүнийхээр бол ФИФА илүү хатуу шийдвэр гаргах ёстой гэв.
Эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн ирэх долдугаар сард Англид болох юм. Швед, Нидерланд, Швейцарын хамт ОХУ-тай нэг хэсэгт багтсан. ОХУ-ын багийг тэмцээнээс хөөх эсэх асуудлаар бусад спортын байгууллагуудтай ярилцана гэж ФИФА-ийн төлөөлөгч мэдэгдэв.
Дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага болох ФИФА ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Оросын Украинд түрэмгийлэл үйлдсэнийг ФИФА буруушааж байгаагаа дахин илэрхийлэхийг хүсэж байна. Хүчирхийлэл хэзээ ч шийдэл биш. ФИФА Украинд болж буй үйл явдалд нэрвэгдсэн бүх хүмүүст эв нэгдэлтэй байгаа гэдгээ мэдэгдэж байна. ФИФА олон улсын олимпын хороо, УЕФА болон бусад спортын байгууллагуудтай байнгын яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, нөхцөл байдал хурдацтай сайжрахгүй бол ойрын ирээдүйд хэрэглэх нэмэлт арга хэмжээ, хориг арга хэмжээ, тэр дундаа тэмцээнээс хасах зэрэг арга хэмжээг авах болно” гэжээ.
Эх сурвалж: BBC News