Галт уулын дэлбэрэлт, цунамигийн улмаас Номхон далайн алслагдсан арлын улс Тонга дэлхий дахинтай холбоо тасарснаас хойш нэг сарын дараа далай доорх кабелийг засварласнаар дэлхийтэй эргэн холбогдлоо.
Мягмар гарагийн үдээс хойш засварлагч шумбагч онгоц сэргээн засварласан кабелыг хүлээлгэн өгсний дараа Тонга Кабелын гүйцэтгэх захирал Жеймс Пануве Ройтерс агентлагт утсаар ярихдаа "Үндсэн арлын хүмүүс далай доорх кабелыг засварласан даруйд харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжтой болсон" гэсэн мэдээг дамжуулжээ.
Дунд сургуулийн ламтан Пенисимани Акауола Тонга аралд болсон галт уулын дэлбэрэлт, цунамигийн гамшгаас хойш анх удаа интернет сүлжээнд холбогдсон хүмүүсийн нэг болов. Тэрбээр “Нэгдүгээр сарын 15-наас хойш фэйсбүүк дэх анхны нийтлэл. Ийм боломж олгосон нь ерөөлтэй. Мало Тонга кабел ба Тонга засгийн газар" гэсэн постыг хувийн Фэйсбүүк хуудастаа нийтэлжээ.
Тонгачууд кабелын засварын ажил хийгдэж байгаагаас шалтгаалан хиймэл дагуулын сүлжээнд ч холбогдож чадахгүй байдалтай нэг сар гаран болсон юм. Засварын хөлөг Reliance нь Тонгаг Фижи болон бусад олон улсын сүлжээтэй холбосон 827 км урт далай доорх шилэн кабелын 92 км (57 миль) хэсгийг солиход 20 хоног зарцуулжээ.
Дэлхий дахинтай холбогдох харилцаа холбоог шийдвэрлэсний дараа цунамид хамгийн их нэрвэгдсэн Тонгатапу арлыг захын арлуудтай холбосон дотоодын кабелыг засах юм байна. Энэ нь зургаагаас есөн сар үргэлжилж магадгүй аж.
Тонгагийн сүлжээнүүд үндсэн арлыг хиймэл дагуулаас утсан холболт руу шилжүүлсний дараа алс холын арлууд руу хиймэл дагуулын үйлчилгээг ашиглан хийдэг харилцаа холбоо сайжрах юм.
Тус улсын харилцаа холбооны томоохон үйлчилгээ үзүүлэгч хоёр томоохон компанийн нэг Digicel Tonga “Тонгатапу болон Еуа арлууд дээрх бүх үйлчлүүлэгчдийнх дата холболт сэргээгдсэн тул гадаад ертөнцтэй холбогдож эхэлсэн” гэх таатай мэдээг дуулгажээ.
Digicel Tonga-ийн гүйцэтгэх захирал Энтони Сеусеу мэдэгдэлдээ тус компани ирээдүйд тохиолдох гамшигт үйл явдалд илүү сайн бэлтгэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сүлжээний оновчлолыг анхаарч үзэх болно гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: Independent