АНУ, Их Британи, Европ, Канад Оросын зарим банкуудын SWIFT сүлжээнд нэвтрэх эрхийг хаах шийдвэрт нэгдлээ. SWIFT буюу Society for Worldwide Interbank Financial Telecommunication сүлжээ нь олон улс дамнасан төлбөр тооцооны систем юм.
Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, улс орнууд “Владимир Путины өдөөсөн дайн, Украины тусгаар улс, ард түмэн рүү дайрсан үйлдлийг” буруушаагаад "Бид Орост хариуцлага тооцож, энэ дайн нь Путины стратег-ийн бүтэлгүйтэл гэдгийг хамтдаа баталгаажуулах болно" гэжээ.
Их Британи, Испани улс Оросыг банкуудын хил дамнасан төлбөр тооцоог хурдан бөгөөд найдвартай хийх зорилгоор ашигладаг аюулгүй мессежийн гол систем болох SWIFT-ийг хориглох алхмыг эртнээс санал болгосон ч АНУ, ХБНГУ-ын зүгээс хангалттай дэмжлэг авч чадаагүй.
Харин бямба гарагт барууны холбоотнууд, Германы хамтарсан мэдэгдлийг Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен зарласнаар ОХУ дэлхийн банк санхүүгийн SWIFT сүлжээнд тодорхойгүй хугацаагаар нэвтрэх эрхгүй боллоо. Фон дер Лейен хэлэхдээ: "Европын холбоо болон түүний түншүүд Путины дайны машиныг санхүүжүүлэх боломжийг хязгаарлахаар ажиллаж байна. Оросын банкуудаас энэ сүлжээнээс гаргах нэрсийн жагсаалтыг гаргасан” гэж мэдэгдсэн юм.
Энэхүү хориг арга хэмжээний үр дүнд SWIFT сүлжээнд нэвтрэх эрхгүй болсон банкуудыг олон улсын санхүүгийн системээс бүр мөсөн салгаж. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болгох юм. Ингэснээр оросын экспорт, импортыг үр дүнтэйгээр хааж чадна гэж үзжээ.
Энэхүү шийдвэрийн зэрэгцээ Цагаан ордон мэдэгдэл хийж Оросын засгийн газартай холбогдсон чинээлэг оросуудыг америк улсын иргэн болж, тус улсын санхүүгийн системд нэвтрэх боломжийг олгох иргэний харьяаллыг буюу алтан паспорт гэгдэх худалдааг хязгаарлана гэв. Үүгээр ч зогсохгүй хууль эрх зүйн хүрээнд хориглогдсон хувь хүн, компаниудын хөрөнгийг илрүүлж, царцаах замаар эдийн засгийн хориг арга хэмжээний үр дүнтэй хэрэгжилтийг хангах" Атлантын далайг дамнасан ажлын хэсэг байгуулагдана гэж мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian