Польшийн засгийн газар Украины дүрвэгсдийн ихэнх нь Украйн-Польшийн хилийн Медыка боомтоор нэвтэрсэн гэдгийг мэдэгдлээ.
Оросын цэргүүд Украин руу довтолж эхэлснээс хойш хоёрдугаар сард 24-ны өдөр гэхэд 115 мянга гаруй дүрвэгсэд Польш руу нэвтэрсэн гэж Польшийн Дотоод хэргийн яам бямба гарагт мэдэгдэв. Украйнаас ирсэн бүх хүн, тэр байтугай хүчинтэй паспортгүй хүмүүсийг ч хүлээн авч буйгаа Польшийн албаны хүмүүс мэдээлжээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлснээр, пүрэв гарагт Орос Украинд түрэмгийлснээс хойш Украины 120 мянга гаруй дүрвэгч эх орноо орхин гарсан байна. Гэвч ихэнх дүрвэгсдийн хувьд дайнаас зугтахад 2-3 хоног зарцуулагдаж байгаа аж.
Польшийн барилгын талбайд ажилладаг Украины Черновцы хотын иргэн 30 настай Денисийн хувьд энэ шөнө бас хэцүү байсан. Тэрбээр Украинаас ирж буй эхнэр, хүүхдүүдтэйгээ уулзахаар пүрэв гаригт Медыка хотод иржээ. Гэвч бүтэн шөнө хүлээсэн ч тэдэнтэйгээ уулзаж чадаагүй байгаа гэнэ. “Тэд 24 цаг гаруй хил дээр гацаад байна. Эхэндээ тэд явганаар наашилсан хэцүү байсан тул автобусанд суусан. Автобусаар явахад даарах нь бага юм” гэж Денис тайлбарлажээ.
Зөвхөн Польш гэлтгүй Румын, Молдавтай хиллэдэг боомтуудад хэдэн арван мянган украинчууд дүрвэн очиж байна. Сүүлийн жилүүдэд Сири, Афганистан зэрэг орноос ирж буй дүрвэгсдэд хатуу байр суурь баримталж ирсэн эдгээр улсуудын ихэнх нь Украины хөршүүдээ хүлээн авч, дэмжихээ амлаж байгаа билээ.
эх сурвалж: Aljazeera