Гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдэд бусдын хэлдэг бодлогогүй, болгоомжгүй үгс хүндээр тусаж улмаар сэтгэл гутралд орох олоны шалтгааны нэг болдог. Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт гурван охины ээж Б.Уянга оролцлоо. Түүний хувьд хүүхдүүдээ төрүүлж өсгөсөн зургаан жилийн хугацаанд гэртээ байж, хүүхдүүдээ өсгөсөн бол өдгөө өөрийн хийх дуртай зүйлийг олж сэтгэл гутралаа давсан талаар ярилаа.
Хувийн амьдралынхаа талаар бидэнтэй нээлттэй ярилцсан Б.Уянгад уншигчдийнхаа өмнөөс баярлалаа.
-Сайн уу Б.Уянга. Манай үзэгч уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу? Намайг Батбаатар овогтой Уянга гэдэг. Нөхөр гурван охины хамт амьдардаг. Жүжигчин мэргэжилтэй. Одоогоор мэргэжлээрээ ажиллаж амжаагүй байна. Хүүхдүүд маань том нь 4, тэгээд 3, бага нь нэг ойтой. Жирэмсэн байхыгаа оруулах юм бол зургаан жил гэртээ байсан. Хүүхдүүдээ хараад өсгөөд хүмүүжүүлээд л.
-Зургаан жилийн турш гэртээ суух, дааврын өөрчлөлт, гэр бүлийн өөрчлөлт зэрэг нь тодорхой хэмжээнд сэтгэл зүйд нь нөлөөлсөн байх?
-Төрсний дараах үеийн сэтгэл гутралд их өртсөн. Гурвуулан дээр нь хийсвэрээр төрсөн. Хагалгаагаар төрөхөөр гэдэс агшихгүй унжаад л их муухай. Нэг удаа утсаа ухаад хэвтэж байсан чинь манай найзууд уулзаад зургаа авахуулаад тавьчихсан. Тэрийг нь харчхаад яг хүүхдийнхээ сүүг найруулах гээд коридороор явж байсан чинь миний гэдэс унжаад үс сэгсийчихсэн нь үнэхээр муухай санагдсан. Өөрийгөө толинд хараад, “Уянга чи ингээд л авгай болчихлоо. Хүмүүс гэрийн авгай гээд байдаг. Одоо чи сэхэл авахгүй юм байна” гээд их сэтгэлээр унаж уйлсан. Сая намар номын үзэсгэлэн болоод талбай руу гарцаар гарах гэж байсан чинь гэрлэн дохионы дон дон гэх дуу гарахаар нь гайхаад, бүр өөр газар ирчихсэн юм шиг, энэ хэзээ ийм болчихсон юм бэ гээд бодож байв. Тэгж л нийгмээс тусгаарлагдсан байгаа юм.
-Стресс тайлах арга хүмүүст бий шүү дээ. Гурван хүүхэдтэй эмэгтэй хүний хувьд юу хийдэг байв? Гадуур гарах хязгаарлагдмал байдаг байсан болов уу.
Тийм шүү. Би маш их кола уудаг байсан. Ингэхээр миний стресс уур бухимдал тайлагдчихдаг. Манай нөхөр их эко хүн л дээ. Би чамд кола авч өгөхгүй гэнэ. Ингээд бид хоёрын хооронд жижигхэн зөрчилдөөн үүснэ. Би орлоготой болох ёстой юм байна гэж эндээс бодож эхэлсэн. Гэртээ сууж байгаа хүн хийж болох ажил гээд зөндөө ажил хийж үзсэн. Тао Баогоос хувцас оруулж ирж зарж үзсэн, нүүр будах гэж үзсэн. Би чадаагүй. Туркээс хүүхдийн хувцас ч оруулж ирж үзсэн. Бас шатаад хүмүүст тарааж өгөөд дуусгасан. Хоёр дахь охиноо төрүүлчихсэн байж байгаад, бас л утсаа ухаад сууж байсан. Ингэхэд нэг охин утастай мэндчилгээ гээд царайгаа оруулаад лайв хийж байсан юм. Орой нь нойр хүрдэггүй ээ. Би арван жилд байхдаа фм-д хөтлөгч хийдэг байсан шүү дээ. Би үүнийг хийж чадна гээд, дүүгээсээ нокиа гуйж аваад хоёр утсаа нийлүүлж байгаад л хийсэн. Тэр үед аавуудын баяр болж байсан л даа. Найзынхаа аав руу хамгийн анх туршилтын журмаар ярьж үзсэн дээ. Компьютер дээр дуугаа тавьж байгаад, хоёр утсаа нийлүүлж барьж байгаад видео хийгээд. Тэрнээс их урам авсан. Тэр үед хэдэн төгрөг олсон юм бэ дээ. 30-40 мянган төгрөг юм уу. Түүнийг мөнгө олох зорилготой хийгээгүй. Би дуртай зүйлээ хийсэн юм билээ.
-Энэ бизнесээ одоо ч хийсээр байна уу?
Одоо мэндчилгээнийхээ ажлыг хийгээд Ачус гэдэг нэртэй энтертайнменттай болсон. Үүнийгээ өргөжүүлээд цэцгийн бизнестэй болъё гэж бодоод нөхөртэйгээ ярилцсаны үндсэн дээр Beauty flowers гээд цэцгийн дэлгүүртэй болсон. Одоохондоо хүргэлтээр явдаг. Монголд ийм тойргоор явдаг бизнес байхгүй. /инээв/
-Гэртээ сууж хүүхдээ харахаар найзгүй болчихдог гэдэг шүү дээ. Таны хувьд.
Найзууд илт багасдаг юм билээ. Бид нар уулзаж байна гараад ирээч гэхээр би хүүхдүүдээ хэндээ үлдээгээд гарах уу. Эхлээд нэг хоёр дуудна. Тэгээд цаашаагаа чи угаасаа дуудахаар ирдэггүй шүү дээ. Тэгээд ярьсангүй гэдэг юм билээ. Эмэгтэй хүн ээж болж байж л ээж хүнийг ойлгоно.
Хүмүүс огт хэлэх үгээ боддоггүй. Анх байсан Уянга одоогийн Уянга хоёрын хооронд 20 кг-ын зөрүү байгаа. Их таргалсан. Өнгөрсөн жил карентины үеэр хүүхдүүдээ аваад зуслан явж байхад цагдаа зогсоогоод, “чи чинь ийм жаахан юм байж яасан олон төрчихсөн юм” гэсэн. Зүгээр замын цагдаа тэгж хэлж байгаа юм. Би түүнийг сонсоод гайхаж, хүндээр тусаж байсан. Тэгээд таарахаараа л алж идэх гэж байгаа биш дээ. Таргалчихсан юм уу, ямар их жин нэмээ вэ гэдэг. Надад илт хэлэхгүй ч гэсэн цаагуураа сонсогддог. Аягүй таргалчхаж, бондойчихсон байна гээд л. Тэр нь надад маш хүндээр тусна шүү дээ. Хүүхдийн фирм юм уу чи гээд л.
-Энэ бүхнийг давж гарахад сэтгэлийн хат хэрэгтэй байх тийм үү?
Манай гурван охин надад асар их тэвчээр суулгаж байгаа. Өмнө байсан бол “юу гээд байгаа юм” гээд л хэрэлдчихсэн байгаа шүү дээ. Одоо бол, “тэгсэн таргалсан. Турчихна аа” гээд л өнгөрдөг. Таргалсантай холбоотой миний бичлэг фэйсбүүкээр цацагдсан юм. Зун дүүтэйгээ хамт үргэлж дасгал хийдэг байсан юм. Одоо бол хийхгүй байгаа. Манай дүү намайг янз бүрээр дуудаад би ирээд цохичихгүй юу. Тэр бичлэг тараад бөөн л юм болсон.
-Шүүмжилж буй хүмүүст хандаж юу хэлэх вэ?
Шүүмжлээд байгаа хүмүүс тэр хүний хүүхдийн памперсийг очоод солихгүй. Хүүхдийг нь хөхүүлж бантанг нь хийж өгөхгүй. Тийм болохоор хүний амьдралд оролцох шаардлага байхгүй.
– Орчин цагт эмэгтэйчүүд ажил карьер хөөх нь элбэг. Охидоо яагаад ойрхон зайтай төрүүлэх болсноо хэлж болох уу?
Хүүхдээс чи энэ хорвоо дээр төрмөөр байна уу гээд залгаж асуухгүй шүү дээ. Би өөрөө дур мэдэж төрүүлж байгаа. Тийм болохоор тэр хүүхдийн ирээдүйг бодох хэрэгтэй. Бүгдийг нь төлөвлөх ёстой юм билээ. Минийх бол төлөвлөгөөнийх бус. Гэнэдчихдэг. Одоо бол яс үзнэ ээ. /инээв/
-Дахиад хүүхэд төрүүлэх үү?
Би айлын ганц охин юм. Тэгэхээр би багаасаа л олон хүүхэдтэй болно гэж боддог байсан. Дахиад хүүхэд гаргана аа. Гэхдээ болоогүй. Нэлээн явж байгаад өөрийнхөө талын нэг хүүтэй болно гэж боддог. Хүүхэд насаараа жаахан байхгүй шүү дээ. Нэг мэдэхэд хөлд ороод цэцэрлэг сургуульдаа явна. Тийм болохоор тэвчээрэй. Дээрээс нь хийж чаддаг юм аа хамгийн гол нь олоорой гэж ээжүүддээ хэлмээр болдог юм.
Хэдий нөхөр юугаар ч дутаахгүй сайхан амьдруулж чадах ч гэсэн. Нөхөртөө дэм болоод орлоготой болоорой гэж зөвлөмөөр байна. Ядаж гараад цамц авлаа гэхэд, хайраа би цамц авъя гэхийн оронд өөрөө гараад авчхаж яагаад болохгүй юм.
-Ээж хүн хүчтэй гэдэг шүү дээ. Ээж болохоос өмнө үеийн Б.Уянга, одоогийн Б.Уянга хоёрын ялгаа юу байна?
Гурав дахь хүүхэд гэдсэнд, хоёр хүүхэдтэйгээ байсан юм. Манай нөхөр ажилтай хавар яваад намар ирэх хүртэл ганцаараа хүүхдүүдээ хардаг. Манайх зургаан давхарт байдаг юм л даа. Лифтгүй хоёр жил болсон. Тэр үед хоёр тортой зүйл барьчихсан. Том гэдэстэй. Гурван давхар дээр очоод яг гацдаг. Би чадахгүй юм байна аа гээд л бодно. Тэгэхээр би чинь гурван хүүхэдтэй ээж хүн шүү гэхээр цаанаасаа кинон дээр гардаг шиг цахилгаан цахиад, хүч ороод л ирнэ шүү дээ. Тэгээд л бараг зургаан давхар луу гүйсэн юм чинь. /инээв/
Бас ээжүүд хэтэрхий мундаг байх гэж битгий хичээгээрэй. Тэрэндээ их стресстэж зовдог юм шиг санагдсан. Би ч гэсэн гэрээ цэвэрлэхгүй хүүхдүүдээ тоглуулаад дэлбэрвэл дэлбэр гээд орхих үе байна. Хааяа хоол захиалж идээд л. Бүгд адилхан. Сошиалын цаанаас би мундаг шүү гээд суувал сууж чадна. Энэ бүхэнтэй өөрийгөө харьцуулах шаардлагагүй. Хүн болгон мундаг ээж.
-Таны цаашдын зорилго юу байна? Мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?
Жүжигчний мэргэжил худлаа гээд хүлээн зөвшөөрөөд цагаан тугаа өргөчихсөн байгаа. /инээв/ Одоо хүн баярлуулдаг зүйлээрээ л дагная гэж бодож байгаа. Мэндчилгээгээ явуулна. Үүнийгээ өргөжүүлнэ. Гэр бүлийн бизнес болгоё гэсэн зорилготой байгаа.