АНУ-ын сошиал сүлжээний Meta компаниас баримт шалгах, контент анхааруулах мэдэгдлийг зогсоох тухай Оросын эрх баригчдын хүсэлтийг биелүүлэхээс татгалзаж буйгаа мэдэгдэв. АНУ-ын сошиал медиа компани Оросын тушаалыг биелүүлэхээс татгалзсан гэж мэдэгдсэний дараа Орос улс Фэйсбүүкийн хандалтыг хэсэгчлэн хязгаарлаж байгаагаа зарлалаа.
Украин руу довтолж байгаа энэ үед эрх баригчид нь Фэйсбүүк платформ дээрээ баримт шалгагч, контентын анхааруулах мэдэгдлийг зогсоохыг хүссэн нь хачирхалтай хэрэг юм.
Оросын харилцаа холбооны зохицуулагч Роскомнадзор баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ Фэйсбүүк сүлжээ өөрийн платформ дээрх Оросын дөрвөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох РИА агентлаг, Батлан хамгаалах яамны Звезда ТВ, gazeta.ru, lenta.ru сайтуудад тавьсан хязгаарлалтыг цуцлах шаардлагыг үл тоомсорлож байна гэв.
ОХУ-аас Фэйсбүүкт тавьсан хязгаарлалтад юу хамаарах нь тодорхойгүй байна
"Улсын Прокурорын газрын шийдвэрийн дагуу 2-р сарын 25-наас эхлэн Фэйсбүүк олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхийг хэсэгчлэн хязгаарлаж байна" гэсэн мэдэгдэл түгээсэн юм.
Баасан гарагт Фэйсбүүкийн толгой компани Meta-ийн дэлхийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ник Клегг “Оросын эрх баригчид Оросын төрийн өмчит дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллагын Фэйсбүүк сүлжээнд нийтэлсэн контентыг бие даан шалгах, шошголохыг зогсоохыг бидэнд тушаасан” гэж мэдэгдээд “Бид татгалзсан, харин тэд манай үйлчилгээний хэрэглээг хязгаарлахаа мэдэгдлээ” гэж хувийн твиттер хуудсандаа бичиж мэдэгдсэн юм.
“Оросын жирийн иргэд өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлж, эсэргүүцлийн үйл ажиллагаагаа зохион байгуулахын тулд манай программыг ашиглаж байна. Бид тэднийг Facebook, Instagram, WhatsApp, Messenger-ээр дамжуулан дуу хоолойгоо хүргэж, болж буй үйл явдлыг хуваалцаж, зохион байгуулалтад оруулахыг хүсч байна" гэж Ник Клегг нэмж тайлбарлав.
Москва олон жилийн турш интернет болон том технологид тавих хяналтаа чангатгахыг хичээж ирсэн нь хувь хүн болон компанийн эрх чөлөөнд заналхийлж байгаа юм. Кремлийг илт эсэргүүцэгчдийн эсрэг өргөн цар хүрээтэй тэмцлийн нэг хэсэг гэж шүүмжлэгчид үзэж байна.
Аль Жазирагийн сурвалжлагч Бернард Смитийн тайлбарласнаар, Орос Украинд түрэмгийлж эхэлснээс хойш Оросын иргэд, алдартнууд олон нийтийн сүлжээ, тэр дундаа Facebook, Instagram дээр дайны эсрэг мессежийг хуваалцаж эхэлжээ.
"Оросын засгийн газарт хүмүүсийн дайныг эсэргүүцэж буй мессежийг нийтлэх боломжийг нь хязгаарлахыг хүсч байгаа нь цаанаа нэг учир шалтгаантай байж магадгүй” Смит хэлэв.
Платформ дээрээ ташаа мэдээлэлтэй тэмцэхийн тулд удаан хугацааны туршид дарамт шахалтанд орж ирсэн Мета нь контентын үнэн зөвийг үнэлж шалгадаг Reuters, AFP мэдээллийн агентлаг зэрэг гуравдагч талын баримт шалгагч нартай хамтран ажилладаг. Хуурамч, өөрчилсөн эсвэл хэсэгчлэн худал гэж үнэлэгдсэн контентыг цөөн хэрэглэгчдэд үзүүлдэг гэж Мета компанийн зүгээс тайлбарладаг.
Эх сурвалж: Aljazeera