
Украины "HB" мэдээллийн агентлаг твиттер хуудастаа 30 секундын бичлэг нийтэллээ. Бичлэгт чиглэн ирж буй цэргийн машины цувааг нэгэн эр зогсоохыг оролдож буй дүр зураг гардаг юм. Машинууд түүнийг тойрон гарч байгаа ч өнөөх эр дараа дараагийн машины цувааг зогсоохоор оролдох аж.
"Украинчууд эзлэн түрэмгийлэгчдийг зогсоохын тулд дайсны техник хэрэгслийн өмнүүр сайн дураараа зогсож байна" гэж HB твиттер хуудсандаа бичжээ.
Энэхүү бичлэг нь Бээжингийн Тяньаньмэний талбайд Хятадын танкний эгнээний өмнө зогсож буй эрийг харуулсан түүхэн зургийг сануулж, хүмүүс ч тэрхүү зурагтай жишин Украин эрийн эр зориг, эх оронч сэтгэлийг бахдаж "retweet" хийсээр байна.
Хятадын засгийн газар ардчиллыг дэмжигч жагсаалыг харгис хэрцгийгээр дарсны дараа авсан энэ зураг дарангуйллын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болж, Time сэтгүүлээс бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгарч байсан түүхтэй.
"Гайхалтай зоригтой Украин эр Оросын цэргийн цувааг зогсоохыг оролдож байна. Яг л Тяньминий талбай дахь "Танк эр" шиг биеэрээ машинуудыг хааж байна" гэж чөлөөт сэтгүүлч Хенри Лангстон твиттер хуудсандаа мөн бичжээ.
Уг бичлэгийг хаана авсан нь тодорхойгүй байна. Цуваанд 10 гаруй машин байсан. Ихэнх нь хажуу талдаа “Z” үсэгтэй байгаа нь Украины хил дээр оросын цэргүүд цугларч байх үед Оросын цэргийн ачааны машинууд дээр байсан Z үсэгтэй ижил байгаа аж.
Бичлэгийг үзэх бол ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: The Guardian