Төрийн банк нь "Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх" зорилтын хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр ажиллаж байна.
Дээрх зорилтын хүрээнд Төрийн банк, “Үндэсний давхар даатгал” ХК-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.
Тус хамтран ажиллах санамж бичигт “Төрийн банк нь Үндэсний давхар даатгал ХК-тай хамтран дундаж орлоготой иргэд болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, эрсдлээс хамгаалах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн болон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэйгээр хүргэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх” талаар тусгажээ.
Мөн дээрх ажлын хүрээнд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хүрээнд мэдлэг мэдээллийг малчдад хүргэж, эрсдлээс хамгаалж санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх юм.
Хамгийн олон харилцагчтай, нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг Төрийн банкны хувьд харилцагчдын ихэнх хувийг малчид болон орон нутагт бизнес эрхлэгчид эзэлдэг. Дээрх хөтөлбөрүүд хэрэгжсэнээр малчид болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг эрсдлээс хамгаалах, санхүүгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээг өсгөхөд бодитой хувь нэмэр болно хэмээн Төрийн банкны зүгээс үзэж байна.