Гадаад харилцааны яамнаас Украин улсын нөхцөл байдал, монгол иргэдийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд, “Украины Харьков хотод нийт 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг монгол иргэн байгаа. Харин Киев хотод 12 оюутан, гурван байнга оршин суудаг иргэн байгаа бол Кривой Рогт хоёр оюутан байгаа юм. Харьков хотод байгаа оюутнуудын тухайд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хорогдох байранд байсан.
Өнөөдөр өглөөний авсан мэдээгээр зарим оюутан тухайн хорогдох байраас гарч, оюутны байр болон өөр бусад байруудад очсон байна. Гэхдээ тус хотод нөхцөл байдал харьцангуй хэвийн болж байна гэсэн мэдээллийг өгч байна. Киев хотод болон Кривой Рогт байгаа оюутнууд бүгд оюутны байрандаа байгаа бол бусад хотуудад оршин сууж байгаа манай иргэд өөр, өөрсдийнхөө гэрт байгаа гэсэн мэдээлэл байна.
Львов хотод манай улсын нэг оюутан суралцдаг. Тус оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамтаар монголын цагаар өнөөдөр 11:00 цагийн орчимд Польшийн хилийг давсан байна.
Польш улсын хувьд дайнаас зугтаж байгаа гаднын иргэдийг 15 хоногийн хугацаатай ямар нэг виз болон бусад шаардлагыг тавихгүйгээр хилээрээ нэвтрүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ хүрээнд бид өчигдөр Польшийн хил нэвтрэх хүсэлтэй монгол иргэдийн жагсаалтыг тус улсын талд хүргүүлсэн. Тухайн дөрвөн иргэнийг Польшид очиход нь манай Элчин сайдын яамнаас тосож аваад Монгол руу авчрах ажлыг зохион байгуулна” гэлээ.