Украинд манай улсын 80 гаруй иргэн байдгаас 41 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Харин 22 иргэн тэнд суурин ажиллаж амьдардаг учраас ямар нэг байдлаар холбоогүй байгаа талаар ГХЯ-аас мэдээллээ.
Украинд эхнэр хүүхдийн хамт амьдардаг иргэн н.Тэгш-Очироос Украинд үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр, “Бидний байгаа хотод өглөө 5 цагаас пуужин хаяж эхэлсэн. Манай Харьков хотод нэлээн хэдэн Монгол оюутан бий. Миний хувьд хоёр хүүхэд эхнэрийн хамт амьдардаг. Одоогийн байдлаар метронд ороод сууж байна. Газар доор. Агаарын дайралт болсон учраас хүмүүс метро руу бүгд гүйж орж ирээд, газар хэвтэн чихээ дарсан байдалтай хэсэг байлаа. Харьковын энэ тэнд л пуужин харваад галдаад байгаа юм байна. Манай оюутан найзууд байр түрээслэдэг нэгнийдээ оччихсон бөөндөө байгаа гэсэн. Гадагшаа ч гарч чадахгүй байдалтай байна. Гарчих л юм бол бөмбөгдүүлэх гээд байна шүү дээ. Яах аа мэдэхгүй метрон дотор л сууж байна.
Цагдаа нар ийш тийшээ гаргахгүй байгаа. Хотоос гаргах урсгалыг хаасан. Маш аюултай нөхцөлд байна” гэлээ.