Шадар сайд С.Амарсайхан "Эрдэнэт Медипас” эмнэлгийг үнэгүй авсан хувьчлалын талаар мэдээлэл хийв.
Тэрбээр, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд “Эрдэнэт Медипас” эмнэлгийг байгуулсан. Тухайн үеийн ханшаар 69.5 тэрбум төгрөгөөр барьж, мөн 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл бүхий төрийн өмчийг Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлагууд нэг ч төгрөгийн төлбөргүйгээр хууль бусаар хувьчилж авсан байдаг.
Энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын хуралдаанд хэд хэдэн удаа танилцуулсан. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд эмнэлгийг буцааж үйлдвэрийн харьяанд авч, үйлдвэрээс ЭМЯ-ны мэдэлд шилжүүлэн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болгон ашиглах шийдвэр гарч байна.
Энэ хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ерөнхий сайдад танилцуулсан. Эмнэлгийн барилга байгууламжуудыг ойрыг хугацаанд хүлээж авна. Хүлээж авахтай холбоотой бэлтгэл ажлуудыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хийж байна.
Эмнэлгийг үнэгүй хувьчилж аваад зогсохгүй 2016-2020 онд ажилчдын эрүүл мэндийн үзлэг хийх нэрээр үгсэн хуйвалдаж Эрдэнэт үйлдвэрээс нийт 12.7 тэрбум төгрөгийг энэ эмнэлэгт шилжүүлсэн байдаг. Эргүүлээд 6.6 тэрбум төгрөгийг эмнэлгийн төлбөр гээд Эрдэнэт үйлдвэр рүү шилжүүлсэн байна.
Ингэж төрийн өмчийг үнэгүй авчихаад эмнэлгийн улс буцааж авах шаардлага хүргүүлэхэд “30 сая долларын нөхөн төлбөр өгөхгүй бол эмнэлгийг өгөхгүй” гэсэн. Төр өмчөө хулгайд алдчихаад буцааж авахдаа нөхөн төлбөр төлдөг байж болохгүй. Тиймээс бүх асуудлыг хуулийг дагуу шийдвэрлэж, энэ эмнэлэг төрийн өмчид буцаж ирэхээр болсныг мэдэгдэж байна.