АНУ-ын Калифорни мужийн Сакраменто хотоос зүүн тийш 100 милийн зайд орших Тахо нуурын өмнөд нутгийн Тахо Кейсийн гудамжаар 500 фунт жинтэй аварга баавгай тэнүүчлэх болжээ. Калифорнийн иргэд түүнийг Хэнк танк хэмээн нэрлэсэн байна.
Энэ сарын 17-нд Калифорнийн Загас, зэрлэг ан амьтдын хэлтэс (CDFW)-ийн цахим хуудаст бичсэнээр өнгөрсөн долоон сарын хугацаанд уг аварга амьтан 33 байшинд их хэмжээний хохирол учруулж, 28 байшинд “хүчээр” нэвтэрчээ.
Өмнөд Лэйк Тахогийн цагдаагийн газраас Хэнк танкийг өнгөрсөн баасан гаригт нэгэн байшингийн жижиг цонхыг эвдэж дотогш орохыг оролдсон гэдгийг мэдэгджээ. Азаар уг байшин эзэнгүй байсан гэнэ. Цагдаагийн алба хаагчид гэрийн гаднах хэсгийг цохиж айлгах тактик ашиглан түүнийг байшингаас хөөн гаргажээ.
Мөн бямба гаригт түүнийг өөр айлын үүдний хаалгыг эвдэн дотогш орох гэж оролдсон байсныг ч бүртгэж авчээ. Цагдаа нар байшинд нэвтрэх гэж эвдлэн сүйтгэсэн баавгайг Хэнк танк гэдгийг хараахан батлаагүй ч түүнийг байх магадлал өндөр гэж тайлбарлав. Энэ бүс нутагт баавгай хүн, тэжээвэр амьтад руу халдсан тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг Калифорнийн загас, зэрлэг ан амьтдын хэлтэс мэдэгдлээ.
Баавгай харж сандарч түгшсэн оршин суугчдын 100 гаруй дуудлагад Өмнөд лэйк Тахогийн цагдаагийн хэлтэс дарагдсан гэнэ. Мужийн Зэрлэг ан амьтдыг хамгаалах хэлтсийн төлөөлөгч Питер Тира CNN-д хэлэхдээ тэд 2021 оны хавраас хойш энэ хар баавгайтай холбоотой тохиолдлуудыг ажиглаж байгаа гэдгээ тайлбарласан байна.
Питар Тира: "Энэ үйл явдлууд голчлон 2021 оны зун, намрын улиралд баавгай гиперфагид орж, өвлийг даван туулахын тулд илчлэг нэмсэн үед болсон" гэдгийг онцолжээ. АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албаны мэдээлснээр гиперфаги нь баавгайг намрын улиралд бараг зогсолтгүй идэж, уухад хүргэдэг аж.
Өнгөрсөн аравдугаар сард Калифорнид оршин суугч нэгэн эмэгтэй гал тогооны өрөөнд нь орж ирсэн хар баавгайн халдлагад өртөж шархадсан байв.
Оршин суугчдыг айлгаж байгаа баавгайг нүүлгэн шилжүүлэх, баавгайн байранд байрлуулах эсвэл эвтаназийн аргаар аюулгүй болгох гэх мэт олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэд хэдэн сонголт байдаг. Гэсэн хэдий ч зэрлэг ан амьтдын алба нүүлгэн шилжүүлэх нь маш олон зүйл шаарддаг төдийгүй амьтны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.
"Тахо нуурын бүсэд амьдарч буй баавгайн популяцийг устгах нь бидний хамгийн сүүлчийн сонголт байх болно" гэж Калифорни мужийн зэрлэг ан амьтдыг хамгаалах хэлтсийг төлөөлөгч Питер Тира хэлжээ.
Хэнк танк хэмээн нэрлэгдсэн аварга баавгайн одоогийн байршил тодорхойгүй байгаа ч хамгийн сүүлд хэд хоногийн өмнө түүнийг Тахо Кийсийн гудамжаар алхаж байхад нь харсан гэсэн иргэдийн мэдүүлэг бий гэнэ.
Баавгай анхилуун үнэрт хөтлөгддөг тул тухайн бүс нутгийн оршин суугчдыг сонор сэрэмжтэй байж, хүнсний зүйлээ хадгалах, хаяхдаа хариуцлагатай хандахыг Зэрлэг ан амьтдыг хамгаалах хэлтсээс анхааруулжээ.
Эх сурвалж: CNN News