ХЗДХ-ийн сайд Н.Нямбаатар Твиттер хуудастаа “Гадаадын хөрөнгө оруулагчийг концессын гэрээнээсээ татгалз гэж сүрдүүлсэн хэрэг гарсан” хэмээн жиргэcэн. Тэгвэл Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлч түүнээс энэ талаар тодруулсан юм. Тэрбээр,
“Энэ бол 2021 онд үйлдэгдсэн хэрэг. Прокурорт хэрэг нь шилжсэн байгаа. Автомашинд нь хоёр хүн сууж хотын зах руу гарч байгаад эрх чөлөөнд нь халдаж, зодож, улмаар концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардаж, гарын үсэг зуруулсан асуудал байгаа. Энэ хэрэг шалгагдаж байгаа. Замын концесс эзэмшиж байсан компани. Үүнд гадаадын иргэд бас давхар холбогдож шалгагдаж байгаа. Бид ингэж гадаадын хөрөнгө оруулагчдын эрхэд халддаг, айлган сүрдүүлдэг байдлаа таслан зогсоох ёстой” гэлээ.