Шүүдэр продакшн, VОО-гийн хамтын бүтээл "Хотулун гүнж" түүхэн, тулаант уран сайхны кино ХБНГУ-ын Берлин хотноо энэ сарын 10-20-нд болсон 72 дахь удаагийн Berlinale олон улсын кино фестивалийн "Eвропын кино зах зээл“ /Berlinale European Film Market – EFM/ хөтөлбөрт амжилттай оролцлоо.
Berlinale нь дэлхийн 3 том А зэрэглэлийн кино наадмын нэг бөгөөд Берлин хотноо жил бүрийн 2 дугаар сард болдог. Тус фестивалийн кино уралдаан, шагнал гардуулах ёслолоос бусад төсөл хөтөлбөрүүд ялангуяа аудио-визуал контентын олон улсын худалдааны платформыг цар тахлын улмаас хоёр дахь удаагаа онлайн хэлбэрээр зохион байгуулжээ. Гэвч виртуал орон зайд ч гэсэн энэ сарын 10-17-нд болсон EFM-ийн үеэр ажил хэргийн олон уулзалт зохион байгуулж, дээд хэмжээний хэлэлцээр хийсэн байна. Нийт 62 орны 600 орчим оролцогч Berlinale-EFM платформд үйл ажиллагаагаа танилцуулж, 1300 орчим зах зээлийн үзүүлбэр /market screening/, 827 кино үзүүлсний дотор 600 гаруй зах зээлийн нээлтээ /market premiere/ хийсэн шинэ кино бүтээлүүд байв. Олон улсын кино үйлдвэрлэлийн салбарын нийт 4134 төлөөлөл, мэргэжилтэн оролцжээ.
Berlinale-EFM нь жил бүрийн эхэнд дэлхийн кино, контентын салбар, түүний эдийн засгийн хөгжилд уламжлалт ёсоороо тогтмол тодорхой чухал түлхэц өгдөг. Энэ жил “Хөгжлийн өөрчлөлт” сэдвээр олон улсын кино бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд өргөн хүрээтэй олон талт хэлэлцүүлгүүд өрнүүлэв. Berlinale-EFM-ийн захирал Деннис Руу /Dennis Ruh/ энэ жил үйл ажиллагаа цахим хэлбэрт байсан ч шинэ кино, контент олж авах хүсэл эрмэлзэл, лиценз эрхийн арилжааны эрэлт хэрэгцээ өссөн нь дахин хүчтэй мэдрэгдэж байсныг дурдаад, улмаар Монгол Улс, Коста Рика, Малайз, Уругвай зэрэг улсын төлөөлөл, компаниуд анх удаа оролцож буйг онцлон тэмдэглэсэн байна.
Шүүдэр продакшн үзэсгэлэн худалдааны виртуал орон зай авч үйл ажиллагаа, шинэ бүтээлээ танилцуулан, улмаар 2 сарын 11, 14, 16-нд 3 удаа screening үзүүлбэр хийв. "Хотулун гүнж" киног зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ижил нэрт бестсэллэр романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд 2 сарын 11-ний зах зээлийн нээлтийн үзүүлбэрийг кино бүтээлийн баг хамт олон Улаанбаатар хотноо Шүүдэр продакшны оффист цугларан, мөн Берлин хотноо Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан, дипломатууд, Монгол Улсын Соёлын Элч хамтдаа үзэн цахимаар оролцлоо.
Berlinale EFM-д Монгол Улсаа төлөөлөн оролцох зохион байгуулах багт Шүүдэр продакшны продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэг, VOO-гийн контент продюсер доктор Д.Цэнгэл, Соёл урлаг хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө ТББ /AMPMC NGO/, ХБНГУ дах Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа нар хамтран ажиллаж байна. Монгол Улсын Соёлын яам, ГХЯ дэмжив. Ийнхүү Монголын шинэ кино бүтээлүүдийг олон улсын кино зах зээл, фестивалуудад мэргэжлийн өндөр түвшинд тогтмол танилцуулах нь бүтээлч үйлдвэрлэлийн салбар, кино үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц өгөх ач холбогдолтой юм.
Монголын үзэгчид "Хотулун гүнж" киног 3 сарын 1-нээс эхлэн зөвхөн VOO Cinema-аар дамжуулан үзэх боломжтой.