Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг хэвлэлийн хурал хийж байна.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр дараах мэдээллийг өглөө:
-Ажлын хэсэг байгуулагдаад найм хонолоо. Тус банктай холбоотой 800 хуудас материалтай уншиж танилцлаа. Хөгжлийн банкны Эрсдэлийн санд 585 орчим тэрбум төгрөг байсныг Монголбанк 1.3 их наяд төгрөг болгох зөвлөмж өгч, нэмэгдүүлсэн. Тус банк 2012-2021 оны хооронд нийт 74 төсөлд зээл олгосноос 21 нь зориулалтын бусаар зээлийн хөрөнгөө зарцуулжээ. Нийт зээлийн багцын
- 687 тэрбум чанаргүй
- 500 орчим тэрбум төгрөг анхаарал хандуулах. Үүнд 5 зээл бий. "Эрдэнэс Монгол", Эрчим хүчний яамны зээлүүд багтана.
- 131 тэрбум төгрөгийн зээл хэвийн байна.
Шалгалт үргэлжилж байна. Бид эхний дүгнэлтээ гаргасан. Хөгжлийн банк банканд тавьдаг 6 шалгуураас 3-ыг нь хангаж, 3-ыг нь хангахгүй байна. Тус банкны ТУЗ-өөс гаргасан 84 шийдвэрийг нэг бүрчлэн тулгаж, үзэж байна. Төрийн өмчит компаниудын зэлийн үлдэгдэл 316 тэрбум төгрөг байна. "Шинэ яармаг хотхон" гэх мэт төсөл зээл авах болзол хангаагүй ч зээл олгожээ. Нийт зээлийн үлдэгдэл 3.2 их наяд төгрөг байна. Шүүхэд 69 арын турш үргэлжилсэн маргаан ч байна.
Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт:
-Дараах асуудлыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Банкны хууль эрх зүй болон компанийн засаглалыг ойрын хугацаанд сайжруулах шаардлагатай. Чанаргүй болсон зээлийг газар дээр нь очиж үзэх шаардлагатай. Барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд мөрдөн шалгах баг үүсгэнэ. Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлүүдийн компаниудын эцсийн өмчлөгчийг тогтоон, шаардлагатай бол дансыг нь царцаана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөнө. УИХ ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ. Одоогийн ажлын хэсгийг хянан шалгах түр хороо болгон өргөтгөх саналаа бид УИХ-ын чуулган нээлтээ хиймэгц өргөн барина. Мөн хяналтын сонсгол зохион байгуулна.
Ер нь бид ААН-үүдийг буруутгахгүй. Зээл олгосон тал буруутай. Зарим зээлийг бөөнд нь, зарим зээлийг 2-3 тасалж олгожээ. Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Капитал банкийг хуулийн байгууллага шалгаж байна. Иймд "Гантиг вилла" хотхоны зарим байрыг битүүмжилсэн. Хэдий энэ хотхон өөр хүний эзэмшилд шилжсэн гэж Капитал групп мэдэгдсэн ч шалгалтын дараа тодорхой болно. Бид ирэх сард АТГ-ын Олон нийтийн зөвлөлтэй хамтран сонсгол зохион байгуулна. Энэ үеэр та бүхэн хүссэн асуултдаа хариулт авч, мэдээлэл авах боломжтой.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкийг нийт арван удаа шалгажээ. Үүний дөрөв нь бие даасан шалгалт байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ч орох нь зөв.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн:
-Хөгжлийн банкнаас зээл авч, өмнөх зээлээ төлсөн байж болзошгүй. Ажлын хэсгийг байгуулаад арав хоносон ч үйлдвэрүүдээр явж үзэх хэрэгтэй байна. Үүнд хугацаа хэрэгтэй. Бид яваад очиход байшин бариагүй,барилгын араг яс ч байх юм билүү, мэдэхгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Пүрэвдорж:
-2017 оноос хойш Хөгжлийн банк ААН-үүдийн биш дарга нарын банк болж хувирсан. Үүнээс өмнөх зээлүүдийг Засгийн газрын тогтоолоор олгож байсан ч 2017 оноос хойш ТУЗ шийдэх эрхтэй болжээ. Манай ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байна. Учир нь банкны баримт бичгүүдийг хуулийн байгууллагууд хураан авсан тул бид танилцах боломжгүй байна. Хуулийн зарим ажилтан Хөгжлийн банкны хэргийг санаатайгаар удаашруулсан, нуун дарагдуулсан байна. Зарим ААН барьцаагаа суллаад аваад явжээ, зарим нь барьцаагаа сольжээ. Эдгээр шийдвэрийг гаргасан шүүгч нараас бид тайлбар авна.