Австрали улс сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа олон улсын зорчигчдод хилээ нээлээ. Тус улс Ковид-19- ийн улмаас 2020 оны гуравдугаар сард хилээ бүрэн хаасны дараа дэлхийн хамгийн хатуу хоригийг тавьсан улсад тооцогдсон юм.
Австраличууд болон бусад орны зорчигчдыг өнгөрсөн оны сүүлээс тодорхой хязгаарлалттайгаар хүлээн авч эхэлсэн бол энэ удаа цар тахлын өмнөх үеийнх шигээр бүрэн нээж байна.
Даваа гарагт Сиднейн нисэх онгоцны буудал олон зуун хүмүүсээр дүүрчбаяр хөөртэй уулзалтаар дүүрчээ.
Австрали улсын хилээр нэвтрэгсэд хорио цээрийн дэглэмд хамрагдах шаардлагагүй, харин вакцинд хамрагдаагүй аялагчид зочид буудалд 14 хүртэлх хоногийн хугацаанд өөрсдийн зардлаар тусгаарлалтанд байсны дараа чөлөөтэй зорчих эрх нь нээгдэх юм.
Аялагчид Баруун Австралиас бусад бүх муж руу нэвтрэх боломжтой бөгөөд коронавирусын эсрэг вакцины 3 тунд хамрагдсан байх ёстой.
Худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сайд Дан Техан "Манай аялал жуулчлалын салбар болон түүнд ажиллаж байгаа 660 000 хүний хувьд энэ бол тун сайхан мэдээ” гэдгийг онцолжээ.
Австрали улс цар тахлын өмнөх жил буюу 2019 онд 9.5 сая орчим жуулчин хүлээн авчээ. Сайд Да Техан хэлэхдээ, дотоодын аялал жуулчлалын хоригт нэрвэгдсэн аялал жуулчлалын салбарт хилээ нээсэн явдал сэргэлт авчирна гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.
Тус улсын Ковид-19-ийн эсрэг авсан хатуу арга хэмжээ нь гэр бүлүүдийг салгаж, бизнесийг боомилсон гэсэн шүүмжлэлийг дагуулж байсан ч вакцин гарахаас өмнө олон хүн нас барахаас сэргийлж чадсан гэж шинжээчид үздэг. Тус улсад Ковид-19-ийн улмаас 4900 гаруй хүн амиа алдсан гэсэн тоо гарчээ.
Эх сурвалж: BBC News