Коронавируст цар тахлын үед БНСУ-ын экспортын мэдээлэлд дурдсанаар өнгөрөгч 2020 онд чанадаг гоймон буюу “рамён” гоймонгийн үйлдвэрлэл огцом өсч дотоодын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ тэргүүлжээ.
“ Рамён"-ын үйлдвэрлэл 2020 онд 1.93 сая тонн болсон нь өнгөрсөн оныхоо мөн үеэс 231 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны мэдээлэлд дурдсан байна.
Чанадаг гоймонгийн үйлдвэрлэл нэмэгдсэний гол шалтгаан нь экспортын хэмжээ их байсантай мөн холбоотой аж.
Гадаадад чанадаг гоймонгийн нийлүүлэлт 2020 онд 50 орчим хувиар нэмэгдэж, 687.1 сая ам.долларт хүрсэн бол дотоодын борлуулалт 20 орчим хувиар буурч, 1.56 их наяд вон (1.31 тэрбум доллар) болжээ.
Ийнхүү бэлэн гоймон нь дотоодын хүнсний бүтээгдэхүүний экспортын үнийн дүнгээр жилийн өмнөхөөс хоёрдугаар байрт оржээ.
Ковид-19 цар тахлын дэгдэлт олон хүнийг гэртээ үлдэхээс аргагүйд хүргэснээр Өмнөд Солонгосын чанадаг гоймон гадаадад илүү алдартай болсон гэж салбарын ажиглагчид мэдэгдэв.
Мөн Оскарын шагналт "Шимэгч" киноны гоймонтой хоол болох "чапагури" нь гадаадад Солонгос хоолны соёлыг сонирхоход түлхэц болсон гэдгийг эх сурвалжууд онцолжээ. БНСУ-ын 2020 онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний жагсаалтыг чанадаг гоймон тэргүүлсэн бол, хийжүүлсэн ундаа 1,87 сая тонноор хоёрдугаарт, гурил 1,82 сая тонн, шар айраг 1,5 сая тонн, элсэн чихэр 1,43 сая тонноор удаалжээ.
Эх сурвалж: Yonhap News